Шууд Chart

“Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” -ыг Ерөнхий сайдад гардууллаа

2016-04-11 15:45:16

УИХ-ын намрын чуулганаар Монгол Улсын Тогтвортой хөгжлийн Үзэл баримтлалыг батлан гаргасан нь Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх нэгэн чухал үйл явдал болж байна. “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” –ын нээлтийн ажиллагаа өнөөдөр Төрийн ордонд болж, УИХ-ын дарга З.Энхболд тус баримтлалыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт гардуулан өглөө.

Өнгөрсөн оны есдүгээр сард Нью-Иорк хотноо хуралдсан НҮБ-ын Дээд чуулга уулзалтаас батлан гаргасан “Даян дэлхийн тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ын үндсэн зорилтуудыг үндэсний хөгжлийнхөө бодлогын баримт бичигтээ тусгаад байгаа анхдагч улс орнуудын нэг болсон нь бусад улс орнуудад үлгэр дууриал үзүүлэх чухал шийдвэр юм. Монгол Улс Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн бодлогыг дэмжигч төдий бус, бодит ажил хэрэг болгохын төлөө бодит үйл ажиллагааг явуулж байгаа ажил хэрэгч, санаачилгатай улс орон юм гэдгийг илтгэн харуулж байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.  

Энэхүү хөгжлийн үзэл баримтлалыг НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулах чиглэлээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газраас арга зүйн болон бусад олон талын дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажиллаж ирсэн явдалд НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн газрын суурин төлөөлөгч хатагтай Биате Транкман болон түүний хамт олонд талархал илэрхийллээ.

Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах үүргийг УИХ-аас Монгол Улсын Засгийн газарт өглөө. Энэ үүргийг хэрэгжүүлэхийн тулд бид юуны өмнө:

·  Урьд нь батлагдан гарсан богино, дунд хугацааны хөгжлийн баримт бичиг, төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрүүдийг Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулах,

·  Хэрэгжүүлэх ажлыг манлайлж, удирдан зохион байгуулах,

·  Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг ард иргэд олон нийтэд сурталчлан танилцуулах,

·  Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг олон улсын хөгжлийн болон банк, санхүүгийн байгууллагуудтай нягт уялдуулах, тэдний дэмжлэг туслалцааг авах,

·  Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын эхний үе шатанд хэрэгжүүлэх зорилтуудыг дунд хугацааны хөгжлийн бодлого, ирэх 2017 оны үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөвт тусгах зэрэг ажлыг дэс дараалалтайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Энэхүү хөгжлийн үзэл баримтлалыг УИХ-д суудалтай улс төрийн намуудын ойлголцол, хамтын ажиллагааны үр дүнд батлан гаргасан, нөгөө талаар Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуульд заасны дагуу УИХ-ын сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдах дараа дараагийн Засгийн газрын дунд хугацааны хөгжлийн бодлого буюу үйл ажиллагааны хөтөлбөр нь энэхүү үзэл баримтлалын зорилтуудтай нийцсэн байх шаардлагыг тусгасан учир цаашид төрийн бодлогын залгамж чанар урьд урьдаас илүүтэй хангагдана гэдэгт итгэлтэй байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын төслийг боловсруулахад УИХ-ын гишүүд, эрдэмтэн, судлаачдаас гадна манай Засгийн газрын холбогдох яамд, агентлагийн мэргэжлийн хүмүүс оролцож, тус тусын салбарын бодлого, хөгжлийн асуудлаар үнэтэй  хувь нэмэр оруулсныг цохон тэмдэглэлээ.

Монгол Улсын Тогтвортой хөгжлийн Үзэл баримтлалыг боловсруулан гаргахад гар бие оролцсон ажлын хэсгийн нийт гишүүд, хувь нэмрээ оруулсан бүхий л эрдэмтэн, судлаачид, төрийн алба хаагчид та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай УИХ-ын тогтоолыг манай УИХ-ын эрхэм гишүүд санал нэгтэйгээр баталсантай адилаар, тогтвортой хөгжлийн зорилтуудыг цаашид  бодит үйл ажиллагаа болгон хэрэгжүүлж, үр дүнд хүргэхэд ч  сэтгэл зүтгэлээ, хүчээ нэгтгэн ажиллахыг улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, бизнес эрхлэгчид болон нийт ард иргэддээ хандан уриалаад хүн ард маань эрүүл саруул, эрдэм боловсролтой байж, Монгол Улс улам бүр цэцэглэн хөгжихийн ерөөл дэвшүүллээ.


“Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” -ыг Ерөнхий сайдад гардууллаа  
Үзсэн: 676 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.2.xxx [202.179.2.xxx] 2016-04-11 15:56
Энэ баримт бичиг батлагдснаар ҮХЦБ гэдэг зузаан цаас хэрэггүй болсон гэж ойлгож болох уу, эсвэл тэр нь бас хүчинтэй хэвээр дахиад нэг зузаан цаас нэмэгдэж байна уу

Бидэнтэй нэгдээрэй