Шууд Chart

Өнөөдөр хүн төрөлхтөн анх сансарт ниссэн өдөр

2016-04-12 10:45:19

Юрий Алексеевич Гагарин 1961 оны 4 сарын 12-нд хүн төрөлхтний дундаас анх удаа сансарт ниссэн хүн юм. 1960-аад онд сансар судлал эрчимтэй хөгжиж, сансрын нисэгчдийг сонгон шалгаруулахад Гагарин 20 хүний хамт нэр дэвшиж байжээ. Тэрээр бусад нөхдийн хамтаар сансрын нисэгч болохоор бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн гэдэг.

Ингээд дэлхийд анх удаа хүн суулгасан сансрын хөлөг хөөргөх болмогц Гагарин болон Герман Титов хоёр тунаж үлдэн, эцэст нь Юрий Гагарин сонгогджээ.

1961 оны 4 сарын 12 буюу товлосон хугацаа ирэхэд Гагарин Восток3KA-2 (Восток-1 гэж алдаршсан) хөлгөөр хүн төрөлхтний дундаас анх удаа сансарт нисчээ. Восток хөлөг дэлхийн татах хүчнээс гарч, сансарт 1 цаг 50 минут орчим байсан бөгөөд дэлхийг нэг тойрсон аж.

Нислэгийн үеэр Гагарин “ТАСС” агентлаг түүнийг ахмадаас хошууч болж цол ахисан тухай нэвтрүүлж буйг сонссон гэдэг. Энэ нь түүнийг амьд эргэж ирэхгүй байх гэж Засгийн газрын холбогдох албан тушаалтнууд таамаглаж байснаас үүдэлтэй  аж. Учир нь Восток хөлөг нь агаар мандалд буцаж ороод, 7000 метрийн өндрөөс нисэгчээ суудалтай нь гарган, шүхрээр буулгах гэсэн аюултай зарчимтай байж.

Эх дэлхийдээ хөл тавимагц Гагарин алдар хүндээр булуулсан юм. Тэрээр дэлхийн олон хот, улсаар айлчилж, хүндэт иргэн болж байв. Гагарин сансраас эргэж ирснийхээ дараа Оддын хотхонд суурьшиж, сансрын хөлөг зохион бүтээх төсөлд оролцож байжээ.

Цэргийн нисэгч байсан тэрээр 1968 оны 3 сарын 27-ны өдөр сургуулилтын нислэг үйлдэж байгаад МиГ-15УТИ онгоцтойгоо унаж нас барсан байна. Ослын шалтгаан тодорхой болоогүй бөгөөд 1986 онд дэлгэгдсэн баримтаас үзвэл тэр хавьд нисч байсан Су-11 онгоцны өндөр хурднаас болж үүссэн агаарын урсгалд орж удирдлагаа алдан унасан гэсэн таамаглал дэвшүүлжээ.

2005 онд ослын талаарх шинэ дүгнэлт гарч, онгоцны агааржуулагч нь эвдэрсэн буюу өмнөх нисэгчийн алдаанаас онгорхой орхигдсоноос болоод хүчилтөрөгч алдагдсан гэж  тайлбарлажээ.


Өнөөдөр хүн төрөлхтөн анх сансарт ниссэн өдөр  
Үзсэн: 1099 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй