
Долоо хоног бүрийн даваа гарагт Засгийн газар ээлжит хуралдаанаа хийдэг. Үүний дагуу өчигдөр Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж улаан буудайн урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох, Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн талаар УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөх, “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компани байгуулах зэрэг хэд хэдэн шийдвэр гаргаснаас гадна дараах асуудлуудыг хэлэлцжээ.
Тодруулбал:
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотод Элчин сайдын яам, ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын Элст, БНХАУ-ын Шанхай, Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод Консулын газар тус тус нээх асуудлыг хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов.
- Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
- Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Тэргүүлэгчдийн 2015 оны ажлын тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Тэргүүлэгчдэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас хүргүүлэх зөвлөмжийг дэмжлээ.
- Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт орууллаа. Гааль, татварын ерөнхий газрын орон тооны дээд хязгаарыг шинэчлэн баталсантай холбогдуулан нэмж шаардагдах зардлыг Монгол Улсын 2016 оны төсвийн хуулиар батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Болорт даалгалаа.
- Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь Конвенцийн Парисын хэлэлцээрт гарын үсэг зурах тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцсөний дагуу уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.
- Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Ц.Ганболдыг эргүүлэн татаж, Д.Чадраабалыг томиллоо.
- Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцээд үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг эцэслэн боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарт даалгав.
Засгийн газар хуралдав | ||
Үзсэн: 467 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.