
Улаанбурхантай холбоотой түгээмэл, асуулт хариултыг АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн (CDC) сайтаас орчуулан хүргэж байна.
-Манай орон (энэ тохиолдолд АНУ-г хэлж байна.) Улаанбурхангүй орон гэж 2000 онд зарласан мөртлөө яагаад хүмүүс энэ өвчнөөр өвчилсөөр байгаа юм бэ?
-Жил бүр манай оронд айлчлан ирж байгаа вакцинжуулалтад хамрагдаагүй гадаадын болон манай орны жуулчид улаанбурханы вирусыг авчирч байна. Тэд вирусын эсрэг дархлаа тогтоогүй, вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүст вирусыг тарааж ингэснээр дэгдэлт үүсэх шалтгаан болдог.
-Улаанбурханы эсрэг вакцин хэр үр дүнтэй вэ?
-Улаанбурханы эсрэг вакцин маш үр дүнтэй. Хэрвээ вируст өртөж байсан бол вакцины 1 тун нь 93 хувийн, 2 тун нь 97 хувийн үр дүнтэй улаанбурхан өвчнөөс сэргийлдэг.
-Би вакцинжуулалтдаа хамрагдсан ч гэсэн улаанбурхан тусах эрсдэлтэй юу?
-Маш цөөн хүн бүрэн вакцинжуулалтад хамрагдсан ч улаанбурхан тусдаг. Ойролцоогоор 100 хүн тутмын 3 нь өвдөх эрсдэлтэй. Шинжээчид үүний шалтгааныг тайлбарлаж чадахгүй байна. Магадгүй тэдгээрийн дархлалын тогтолцоо хангалттай сайн урвал үзүүлж чадахгүй байгаатай холбоотой байж болох юм. Гэвч сайн мэдээ гэвэл бүрэн вакцинжуулалтад хамрагдсан хүмүүс харьцангуй хөнгөн өвдөж, бусдад вирус тараах байдал харьцангуй бага байдаг.
-Жирэмсэн эх вакцинжуулалтад хамрагдаж болох уу?
-Жирэмсэн эх хамрагдаж болохгүй. Урагт ямар нэг гаж нөлөө үүсч болзошгүй. Иймд жирэмсэн эмэгтэйчүүд амин дэм ихтэй хоол хүнс идэж, гадуур гарахдаа амны хаалт хэрэглэн, аль болох олон нийтийн газраар шаардлагагүй тохиолдолд явахгүй байх хэрэгтэй.
-Улаанбурхан өвчнөөр өвдсөн хөхүүл эх хүүхдээ хөхөөр хооллож болох уу?
-Болно. Учир нь уг өвчний вирус хөхний сүүгээр халдварладаггүй.
-Улаанбурханаар өвдөх магадлал хөхөө хөхөж буй хүүхдэд бага байдаг гэж үнэн үү?
-Тийм. Хэрвээ эх нь өмнө энэ өвчнөөр өвдөж байсан, эсхүл улаанбурханы эсрэг вакцин хийлгэж байсан бол жирэмсэн болон хүүхдийг хөхөөр хооллож байх хугацаанд эхээс хүүхдэд улаанбурханы эсрэг дархлаа дамжиж байдаг. Иймд хөхөөр хооллож буй хүүхдийг 6-9 сар хүртлээ уг өвчнөөр өвдөх магадлал бага гэж үздэг. Харин эх нь улаанбурханаар өвдөж байгаагүй, эсхүл вакцин тариулаагүй бол хүүхэд нь өвчлөх эрсдэл өндөр байдаг. Эхийн сүүг орлох юу ч байдаггүй тул хүүхдээ хөхөөр хооллоорой!
-Улаанбурханы эсрэг вакциныг нярай болон 9 сар хүрээгүй хүүхдэд тариулж болох уу?
-Нярай хүүхдэд тариулж болохгүй. Улаанбурханы эсрэг вакцины эхний тунг 9 сартайд, хоёр дахь тунг хоёр настайд нь л хийлгэдэг. Хоёр тунг хоёуланг нь хийж байж бүрэн дархлаажуулалт болдог. Наана нь 8 сар 20 хоногтой удахгүй 9 сар хүрэх юм чинь гээд хамаагүй хийлгэж болохгүй.
Улаанбурхан өвчний талаар болон энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх видеог энд дарж үзээрэй!
Эх сурвалж: DOCTOR PRO
Улаанбурханы эсрэг вакциныг нярай хүүхдэд тарьж болохгүй | ||
Үзсэн: 2072 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.