
Монгол Улсад элэгний С вирусын эмчилгээ өнгөрсөн оны сүүлээр нэвтэрсэн билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан С вирусын эмчилгээний удирдамжийн дагуу эмчилгээ эхлэхээс 90 өдрийн өмнө вирусын идэвхжил үзэх буюу тоолох шинжилгээг зайлшгүй хийлгэсэн байх шаардлагатай. Тус шинжилгээг дэлхийн стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр үйлчилдэг лабораториудад хийлгэх ёстой ба Эрүүл мэнд, спортын яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс дээрх шаардлагыг хангахуйц эмнэлэг, лабораториудыг шалгаруулан олон нийтэд зарласан билээ.
Итгэмжлэл хүртсэн лабораториудын эхний сонголтод Элэгний төвийн лаборатори орсон бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш элэгний олон төрлийн нарийвчилсан шинжилгээ оношилгоог мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэж байгаа юм. С вирусын эмчилгээний явцад нийт 3 удаа вирус тоолуулах шинжилгээг хийлгэх ёстой байдаг ба энэхүү шинжилгээг бүрэн болон хагас автомат ажиллагаатай төхөөрөмжөөр тоолдог.
Элэгний төвийн хувьд бүрэн автомат төхөөрөмжөөр вирусын ачаалал тодорхойлж тоолдог ба энэ оны тавдугаар сарын 1-нээс С вирусын тоолох шинжилгээний үнийг 120 мянган төгрөгөөс 90 мянган төгрөг болгож хямдруулжээ. 90 мянган төгрөгөөр С вирусыг тоолдог болсноор хагас автомат ажиллагаатай төхөөрөмжөөр тоолуулсантай үнийн хувьд ижил боллоо гэсэн үг юм. Ингэснээр С вирусын эмчилгээнд хамрагдах иргэн урд өмнө нь 360 мянган төгрөгийг зөвхөн С вирус тоолох шинжилгээнд зарцуулдаг байсан бол одоо 270 мянган төгрөгөөр тоолуулж 90 мянган төгрөгийн хэмнэлтийг хийх боломжтой боллоо. Мөн Элэгний төв нь В, Д вирусын идэвхжил үзэж тоолдог ба үнийн хувьд хуучин хэвээр 120 мянган төгрөгөөр иргэдэд үйлчилж байна.
Хепатитын С вирусын ачаалал тодорхойлох шинжилгээг хямдруулжээ | ||
Үзсэн: 1406 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.