Шууд Chart

Хятадын өмнөд бүс нутгаас аварга дэнгийн эрвээхэй олжээ

2016-05-05 15:52:54

Хятадын Гуандун мужийн ажилчдын саравчнаас эрвээхэйтэй төстэй хоёр аварга шавж олдсон талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Эдгээр шавжийг илрүүлсэн барилгын ажилчид далавчийг нь хэмжиж үзэхэд 23 см урттай байжээ. Гуандун мужийн шавж судлалын хүрээлэнгийн судлаачид олны дунд шуугиан дэгдээгээд байгаа эдгээр шавж нь эрвээхэй бус, харин латинаар “Аттакус атлас” гэх нэршил бүхий дэнгийн эрвээхэйний төрөл зүйл гэж тайлбарлаж байна.

“Аттакус атлас”-ыг дэлхийн хамгийн том дэнгийн эрвээхэйд тооцдог гэдгийг судлаачид мөн онцолжээ. “Аттакус атлас” дэнгийн эрвээхэйн далавч улбар туяа бүхий бор өнгөтэй, үүн дээрээ өнгө өнгийн гоёмсог судлаар бүрхэгдсэн байдаг. Мөн урд далавчных нь хээ могойн толгойтой ижил дүрстэй учраас могойн толгойт дэнгийн эрвээхэй гэж нэрлэгдэх тохиолдол ч байдаг юм байна. “Аттакус атлас” дэнгийн эрвээхэйн хайрс зарим үед хүний арьсанд харшил үүсгэдэг ч ерөнхийдөө хоргүй дэнгийн эрвээхэйн төрөлд тооцогддог.

Хятадын зүүн болон өмнөд хэсэг, мөн дулаан уур амьсгалтай бүс нутгаар нутагшсан энэхүү шавж хүрээлэн буй орчны доройтлоос үүдэн устаж үгүй болоход ойрхон ирснийг судлаачид хэлж байгаа юм. Иймээс Хятадад “Аттакус атлас”-ыг төрийн хамгаалалттай шавжийн төрөл зүйлд хамруулжээ. Сая “Аттакус атлас”-ыг олсон барилгын ажилчид далавчийг нь хэмжсэнийхээ дараа байгальд нь буцаан тавьсан байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Хятадын өмнөд бүс нутгаас аварга дэнгийн эрвээхэй олжээ  
Үзсэн: 3161 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй