Шууд Chart

"Хөдөөгийн хүчтэн-2016"-д Баян-Өлгий аймгийн бөхчүүд түрүүллээ

2016-05-10 16:47:36

Гал бичин жилийн баруун бүсийн аварга шалгаруулах "Хөдөөгийн хүчтэн-2016" үндэсний бөхийн барилдаан энэ сарын 7, 8-нд Ховд аймгийн БТСГ-ын спортын зааланд боллоо. 

Барилдаанд Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн 30 хүчит бөх тойргийн журмаар бяр хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс багийн дүнгээр Г.Санат дасгалжуулагчтай, А.Болат ахлагчтай Баян-Өлгий аймгийн хүчтэнүүд тэргүүн байр, Д.Амартүвшин дасгалжуулагчтай, аймгийн заан В.Туяазаяа ахлагчтай Говь-Алтай аймгийн бөхчүүд дэд байр, Л.Баттөр дасгалжуулагчтай, аймгийн харцага П.Баярсайхан ахлагчтай Завхан аймгийн бөхчүүд гутгаар байрыг эзэлж, медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал гардлаа.

Тэднийг хувийн амжилтаар нь байр эзлүүлэхэд нэгдүгээр байрыг Завхан аймгийн харьяат, аймгийн харцага П.Баярсайхан эзэлсэн бол хоёр, гурав, дөрөв, тавдугаар байрыг Увс аймгийн харьяат аймгийн арслан Р.Бадарч, Баян-Өлгий аймгийн харьяат, аймгийн заан Т.Аманбек, Говь-Алтай аймгийн харьяат, аймгийн начин С.Содбаяр, Баян-Өлгий аймгийн харьяат, аймгийн начин Х.Бат-Үүл нар эзэллээ.

Харин уран барилдааны шагналыг Завхан аймгийн харьяат, сумын заан Я.Ишжамц, Увс аймгийн харьяат, сумын заан Х.Цоггэрэл нар хүртлээ.

Барилдааны үеэр Ховд аймгийн Буянт сумын харьяат, аймгийнхаа баяр наадамд хоёр удаа түрүүлж, гурван удаа үзүүрлэж, аймгийн аварга шалгаруулах барилдаанд дөрвөн удаа завсаргүй түрүүлж байсан аймгийн хурц арслан Л.Найдан агсны үр хүүхдүүд аавынхаа алдрыг мөнхжүүлэх зорилгоор хөрөг зургийг нь Спортын ордонд байрлуулж, барилдаанд оролцсон бүх бөхчүүдэд гарын бэлэг гардууллаа. Мөн Үндэсний бөхийн тугны суурийг шинээр хийхээр болжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Хөдөөгийн хүчтэн-2016"-д Баян-Өлгий аймгийн бөхчүүд түрүүллээ  
Үзсэн: 1701 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй