Шууд Chart

Үүрэн телефоны бүх операторууд 4G үйлчилгээг нэвтрүүлнэ

2016-05-11 15:24:49

Лхагва гараг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтад өнөөдөр Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн нар оролцлоо.

Улс орны эдийн засгийн хөгжлийг түүчээлдэг чухал салбар бол мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар. 2016 он технологийн болон хөгжлийн том шийдвэрүүдийг гаргах хариуцлагатай жил. Иймд энэ хоёр агентлагийн дарга нарт зарим үүрэг даалгавар өгөхөөр “Шийдлийн цаг”-т урьсан гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уулзалтын эхэнд хэллээ.

Үүрэн холбооны салбарт 4G үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг хийх учиртай. Нэг оператор компани туршилтаар хийж эхэлсэн. Бусад компаниуд ийм үйлчилгээг хэзээ нэвтрүүлэх гэж байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тодруулахад, Энэ үйлчилгээнд шилжих эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ дагуу оны эхэнд гар утасны оператор дөрвөн компанид тусгай зөвшөөрлийг нь олгосон. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас Юнител компани 4G үйлчилгээний туршилтын цацалтыг хийж эхэлсэн. Iphone утасны хувьд нэмж тохиргоо хийгдэх тул нэгдсэн зөвшөөрөл гаргахаар операторууд хамтарч ажиллаж байна. Зургаадугаар сард багтаж Iphone хэрэглэгчдийн гар утасны тохиргоо хийгдэнэ. Мобиком компани энэ сард, бусад операторууд хоёрдугаар улиралд багтаж 4G үйлчилгээг нэвтрүүлнэ гэж Мэдээллийн технологи, шуудан, харилцаа, холбооны газрын дарга Ц.Жадамбаа хэллээ.

Мөн Улаанбаатарын гэр хорооллыг интернэтэд холбох ажил орхигдоод байна. Гэр хорооллын айл өрхөд интернэт хүргэхэд технологийн ямар шийдэл хэрэгтэй талаар энэ уулзалтаар ярилаа. Гэр хороололд интернэт хүргэх дэд бүтэц татах, 4G үйлчилгээгээр дамжуулж өндөр хурдны интернэт оруулахаар судалгаа хийж байгаа ажээ.

Уулзалтанын төгсгөлд 4G үйлчилгээг энэ оны гуравдугаар улиралд жигдрүүлэх, дугаартайгаа шилжих үйлчилгээг Харилцаа холбооны газар хариуцан ажиллаж энэ онд хэрэгжүүлэх, үндэсний роуминг үйлчилгээний туршилтыг тавдугаар сард хийж, энэ онд нэвтрүүлж эхлэх, хөдөөд интернэт ашиглах боломжтой болсонтой холбоотойгоор Монголын цахилгаан холбоо компани болон сүлжээ компаниудын марктингийг идэвхжүүлэх ажлыг зохион байгуулах, гэр хорооллын айл өрхүүдэд интернэт үйлчилгээг хүргэх,  чанарыг сайжруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд ойрын хугацаанд танилцууулан шийдвэрлүүлэхийг агентлагийн дарга нарт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үүрэг болголоо.


Үүрэн телефоны бүх операторууд 4G үйлчилгээг нэвтрүүлнэ  
Үзсэн: 654 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй