Шууд Chart

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Баг, хорооны бичил цэцэрлэг, байгууллагын нэрэмжит ойн төгөл байгуулах санаачилгыг дэмжиж ажиллана

2016-05-14 20:02:24

Бүх нийтээр мод тарих үндэсний энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, Эрчим хүчний сайд Д.Зоригт болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хамт олон Дамбадаржаа дахь Ой судалгаа, хөгжлийн төвийн цэцэрлэгт хүрээлэнд нарс мод тарилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Мод тарих үндэсний өдрийг зарлах тухай зарлиг ёсчлогдсоноос хойш долоон жилийн хугацаанд давхардсан тоогоор манай улсын сая гаруй иргэн, 55400 гаруй аж ахуйн нэгж, байгууллага найман сая гаруй тарьц суулгасны 70 орчим хувь нь буюу 5,6 сая мод ургаж буй гэсэн дүн мэдээг мэргэжлийн байгууллагууд гаргасан байна. Энэ нь мод тарьчихаад тордолгүй орхидог байсан хуучны хандлага ул болж, энэ чухал ажилд хандах иргэдийн сэтгэлгээнд эерэг өөрчлөлт гарсныг илтгэж байна гэж Ерөнхий сайд хэллээ. Мод, бут, сөөг, цэцэг тарих, арчлан хамгаалж ургуулах нь амьдралын зөв хэв шинж болж байгаад сэтгэл хангалуун байгаагаа  тэрээр илэрхийллээ.

Засгийн газар ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн үзэл санааг тэргүүлэх чиглэлээ гэж үзэж Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамыг тэргүүлэх чиглэлийн яам болгосон. Цаашид нийслэл, аймаг, сумдын ерөнхий төлөвлөгөөнд ногоон байгууламжийн төлөвлөлтийг тодорхой тусгах, тарьсан модоо арчлах, хамгаалах ажилд мэргэжлийн байгууллагын туслалцаа авах, баг, хорооны бичил цэцэрлэг, аж ахуйн нэгж, байгууллагын нэрэмжит ойн төгөл бий болгох санал санаачилгыг дэмжиж ажиллана гэж Ерөнхий сайд хэллээ.


Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Баг, хорооны бичил цэцэрлэг, байгууллагын нэрэмжит ойн төгөл байгуулах санаачилгыг дэмжиж ажиллана   
Үзсэн: 1006 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй