Шууд Chart

Нийслэлд улаан бурханы эсрэг нэмэлт вакцин хийх хугацааг сунгалаа

2016-05-24 11:52:00

Энэ онд улаан бурханы өвчлөл залуусын дунд нэмэгдсэнтэй холбоотойгоор Засгийн газраас нэмэлт хөрөнгө гаргаж 18-30 насны залууст нэмэлт вакцин хийж эхэлсэн. Нэмэлт дархлаажуулалт энэ сарын 12-ны өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар вакцинд хамрагдах ёстой залуусын 74 хувь нь буюу 466 мянган иргэн хамрагджээ.

Нэмэлт дархлаажуулалтад хамрагдаж буй залуусын оролцоог харвал аймгуудаас Өмнөговь аймгийн залуусын 96 хувь нь вакцинаа хийлгэжээ. Харин Завхан, Сүхбаатар аймгийн иргэдийн идэвх муу байна.

Нийслэлд вакцинд хамрагдах ёстой нийт залуусын 50 хувь нь амьдарч байгаа. Тодруулбал, албан ёсоор оршин сууж буй 306 мянган залуу, түүнчлэн хөдөө орон нутгаас ирж суралцаж буй харьяаллын бус 70 мянган иргэн вакцинд хамрагдах ёстой аж. Харин өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт залуусын 76 хувь нь хамрагдсан байгаа юм. Тиймээс нийслэлд улаан бурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтын хугацааг ирэх зургаадугаар сарын 1 хүртэл сунгажээ.

 

Нэмж мэдээлэхэд, улаан бурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтыг 640 түр цэг, 130 байнгын цэг, 100 гаруй явуулын цэгээр дамжуулан хийж байна. Дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төвүүдэд байнгын цэг ажиллаж байгаа бол их, дээд сургууль, албан байгууллага, худалдааны төв гэх мэт газруудад түр цэг ажиллаж байгаа аж. Харин нийслэлийн алслагдсан хороод болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч вакцин хийхээр явуулын баг ажиллаж буй юм.

18-30 насны оюутан залуусыг харьяалал харгалзахгүй өөрт хамгийн ойрхон өрх, сумын эрүүл мэндийн төв, аймаг, дүүргийн эрүүл мэндийн төв, албан байгууллагууд эсвэл  их, дээд сургуулиудад байрших дархлаажуулалтын түр цэгүүдэд  очиж  вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Эх сурвалж: ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төв


Нийслэлд улаан бурханы эсрэг нэмэлт вакцин хийх хугацааг сунгалаа   
Үзсэн: 1175 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй