Шууд Chart

Эрүүл ахуйчдын улсын зөвлөгөөн болж байна

2016-05-30 16:12:12

Эрүүл ахуйч, тархвар судлаачдын үндэсний III зөвлөгөөн “Эрүүл аюулгүй орчин” сэдвийн хүрээнд өнөөдөр зохион байгуулагдаж байна. Сүүлийн жилүүдэд хотжилт уул уурхайн үйлдвэрлэл, жижиг, дунд бизнесийн үйл ажиллагаатай уялдан  хүний хүчин зүйлээс шалтгаалсан эрсдэлт  хүчин зүйлс эрс нэмэгдсээр байгаа. Иймд хүн амын эрүүл мэндэд сөргөөр  нөлөөлж буй хүчин зүйлсийг  бууруулах, арилгах  замаар  иргэд эрүүл аюулгүй орчинд таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Эрүүл ахуйн тухай”  хуулийг УИХ-аас  баталж,  энэ  оны 2 дугаар сарын 29-ний өдрөөс  эхлэн улс орон даяар хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн.

Зөвлөгөөнийг нээж Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа хэлсэн үгэндээ  Эрүүл ахуйн тухай хуульд олон шинэлэг  асуудал тусгагдсан. Тухайлбал,  хүн амын суурьшлын бүсийг төлөвлөж барилгажуулах, нийтийн эдэлбэр болон гэр хорооллын газрыг дахин төлөвлөхөд эрүүл ахуйн болон барилгын стандарт норм, нормативыг үндэслэн эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийх, төвлөрсөн бус ариун цэврийн  байгууламжийг стандартын дагуу  барьж ашиглах, хүн амын ундны болон ахуйн усны хоногт шаардагдах зохистой хэмжээг хуульчлах, Эрүүл ахуйн удирдлагын  болон тандалт  судалгаа хийх тогтолцоог бүрдүүлсэн. Одоо бид хуулиа иргэдэд төдийгүй бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад сурталчилж, хуулийн хэрэгжилтийг бүх түвшиндээ хангах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах томоохон хариуцлагатай ажил үлдлээ гэдгийг онцлоод, зөвлөгөөнд оролцогч, эрүүл ахуйч, тархар судлаачдад хандан хуулийн хэрэгжилтийг хангахад манлайлагч, хөдөлгөгч хүч нь болж  ажиллахыг уриаллаа.

Энэхүү зөвлөгөөнд Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо бүрдсэний 60 жилийн ойн хүрээнд эрүүл ахуй, тархвар судлалын чиглэлээр аймаг, нийслэлийн түвшинд ажиллаж байгаа эрдэмтэд, зөвлөхүүд, эрүүл ахуйч, тархвар судлаачид, улсын байцаагч, багш, эрдэм шинжилгээний ажилтан, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд, үе үеийн ахмадууд, нийт  350 гаруй төлөөлөгч оролцож байна.

Эрүүл ахуйч, тархвар судлаачдын үндэсний III зөвлөгөөн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд салбар хуралдаанууд хуралдаж зөвлөгөөнөөс зөвлөмж гарч холбогдох мэргэжлийн байгууллагуудад хүргүүлэх аж.  


Эрүүл ахуйчдын улсын зөвлөгөөн болж байна  
Үзсэн: 1116 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй