Шууд Chart

Хүн ус уухгүйгээр 5 хоног амьдарч чадна

2016-05-31 10:11:33

Усгүйгээр хүний амьдралыг төсөөлөх аргагүй. Хүний биеийн эд, эс бүхэн тодорхой хэмжээгээр усыг агуулж байдаг. Насанд хүрсэн хүний биеийн жингийн 55-75 хувь ус байх бөгөөд тэр нь нас ахих, хөгшрөх тутам багасдаг.

Тухайлбал, эхийн хэвлийд дөнгөж бүрэлдэж  байгаа хүний үр хөврөлийн 99 хувь нь, 3 сар болоход нь 91 хувь, эхээс төрөх үед 80 хувь, 60 нас хүрэхэд нь 55 хувь нь ус болж буурна. Хүний биеийн эд, эсэд агуулагдах усны хэмжээ багасах физиологийн энэхүү үзэгдэл нь булчингийн уян хатан чанар буурах, арьс үрчийх зэрэг хөгшрөлт явагдах үндсэн шалтгаан болдог. 

Хүний биеийн эд, эсэд агуулагдах усны хэмжээг авч үзвэл  нулимасны 93 хувь, цусны найрлагын 83 хувь,  хамгийн хатуу хэсэг болох ясны 22 хувийг ус эзэлнэ. Насанд хүрсэн 70 кг жинтэй хүний 45.5 кг нь ус байх бөгөөд үүнээс цусны ийлдэс 3.5 литр, лимф, эд эсийн гаднах шингэн нь 10.5 литр болдог,

Хүн хүчилтөрөгчгүй бол таван секунд, усгүй бол тав хоног, хоолгүйгээр 50 хоног тэсвэрлэж чадна гэж эрдэмтэд тооцсон байдаг.  Хэрвээ хүний биеийн усны хэмжээ 1-2 хувиар буурвал цангах, 5 хувь болоход ухаан балартах, 10 хувь бол хүнд хэлбэрийн усгүйжилт  үхлийн ирмэгт тулж, 20-25 хувь хүрэхэд шууд үхэлд хүргэх аюултай.

Хүн хоногт хэвийн нөхцөлд 2.5-3 литр шингэнийг гадагш алдах бөгөөд хоногт 1.5-2.6 литр усыг хоол ундаар нөхөн авах зайлшгүй шаардлагатай байдаг. Үүнийг хүний ус хэрэглээний физиологийн норм  гэж тодорхойлдог. Хэрэв өдөрт 1.5 литр ус ууна гэж тооцвол 70 настай хүн 25 тонн,  хоол, ундны хамтаар 2.6 литрийг хэрэглэнэ гэвэл 66 тонн ус физиологийн шаардлагаа хангахын тулд зарцуулах ажээ.

Ус нь биеийн дулааныг зохицуулах үйл ажиллагаанд оролцоно. Мөн ус, давсны тэнцвэрт байдлыг хадгалах, бие махбодид ашигтай бодисыг зөөвөрлөх, эд, эсийн бүтцийг үүсгэх, тусгаарлах, уусгагчийн зэрэг үүргийг гүйцэтгэдэг.

Ургамал, амьтан, хүний биед ус нь олон янзын бодисыг уусган уусмал хэлбэрээр байх бөгөөд тэнд тасралтгүй үргэлжлэх төрөл бүрийн бодисын солилцоонд оролцоно. Иймээс ч хүний биеийн эд, эсийн доторх ус нь 6-7 хоногт бүрэн солигдож эргэлдэж байдаг.

Нэмж мэдээлэхэд, улс орон бүрт унд, ахуйн усны чанарыг хууль эрх зүйн талаас тухайн улсад мөрдөгдөж байгаа ундны усны чанарын үндэсний стандартаар зохицуулдаг. Ундны усны чанар гэдэг нь эрүүл ахуйн шинжлэх ухааны үүднээс авч үзвэл найрлагын хувьд хүний бие махбодид зохимжтой, ахуй, амьдралын бүхий л шаардлагад хүрэлцээтэй хэмжээний усаар хангагдах боломжийн тухай нэгдсэн ойлголт юм. Усны чанарыг илтгэх үзүүлэлтэд усны найрлага дахь элементүүдийн зохистой харьцаа, хэмжээ хамаардаг байна.

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн


Хүн ус уухгүйгээр 5 хоног амьдарч чадна  
Үзсэн: 9013 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-03-20 20:30
Гоё сургамж байна, өшөө олон хүн үзээсээ
Зочин [127.0.0.xxx] 2024-03-19 20:40
Их гоё мэдээлэл байна
7б анги [127.0.0.xxx] 2022-11-03 08:34
Гоё санагдлаа. Хүнд хэрэгтэй мэдээлэл байлаа. Үхлнг хэсэг нь аюултай байлаа.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-21 23:11
Би үүнийг уншаагүй байсан бол усыг энгийн нэг зүйл гэж харах байлаа та нарт маш их баярлалаа олон олон гоё мэдээ оруулж биднийгээ ухаантай болгоорой
Зочин [127.0.0.xxx] 2024-03-25 20:32
Гэхдээ л бид өөрсдийн хэмжээнд мэддэг шүү

Бидэнтэй нэгдээрэй