Шууд Chart

Петер Беренсийн уран барилга номын чимэг мэт нямбай

2016-05-31 13:50:31

-Номын чимэг нь уран барилга мэт сүрлэг билээ-


“Гайхамшгийг тайлбарладаггүй юм” А.Тарковский

 
Алдарт багшийн тухай нэг ийм бахдам хэлц байдаг юм. Нэг шавь нь өндөр амжилт байгуулжээ. Түүний өөрийх нь сайных биз. Дараагийх нь нэр алдрыг олов. Азтай багш. Харин гурван алдартай шавь сурган хүмүүжүүлэхэд ямар ч аз, од түшдэггүй. Тэр жинхэнэ аугаа сурган хүмүүжүүлэгч гэдэг.
Германы алдарт архитекторч Петер Беренсийн урлангаас XX зууны нэрт архитекторчид болох Мис ван дер Ройэ, Вальтер Гропиус, Ле Корбюзье төрөн гарч уран бүтээлийн гараагаа эхлэн зарим нь ариун зам мөрөө заалгасан байдаг.
Петер Беренс нэрт уран барилгач төдийгүй алдартай номын чимэг зураач, шрифтийн урлагийн шилдэг мастер, Германы модерн стилийн /Югендстиль/ дизайны онолын  гарамгай зүтгэлтэн, нэрт сурган хүмүүжүүлэгч юм.


 

Макс Либерманы зурсан Беренсийн харандаан таталбар хөрөг


Петер Беренсийн амины орон сууц

Петер Беренс 1901 онд өөрийн амины сууцынхаа тавилгын шийдэл, интерьер, экстрьер  болон бүр аксессуар /чимэглэл/-ийн нь хамт бүтээн босгон нь уран барилгын шилмэл  цогцолбор бүтээл болон түүхэн жишиг тогтоосон байна.



 
Тэрээр 1903 -1907 онд Дюселдорфийн Үйлдвэр урлалын сургуулийн захирлаар томилогдон ажилласан намтар байдаг.
Петер  Беренс 1907 оноос Берлиний уран бүтээлийн зөвлөгөө олгох AEG товчоог үүсгэн байгуулжээ.
Чухамхүү эндээс архитектур дахь үйлдвэрийн дизайн болон үйлдвэрийн эд хэрэглээний дизайны салбар бие даан төлөвших болжээ.


 
“AEG” товчоо


 
Берлиний Веддинг дүүргийн “AEG” товчооны барилга

Беренс “AEG”  товчооны  зөвлөхийн хувиар уран барилгын түүхэнд  бүрэн дүүрэн “ребрендинг” төслийг санаачилжээ.
Дизайны товчооны зөвлөх гэдэг нь өөрөө зохион бүтээгч, аугаа гүйцэтгэгч боловч  захиалагч, үйлдвэрлэгчдийн гинжин холбоог тасралтгүй үргэлжлүүлэх  бодлогыг  тогтоогч нөлөө бүхий нэгэн ажээ.

Петер Беренсийн шилэн бүтээлүүд

1896 онд Италид аялж, түүний дараахан "Урлаг болон гар урлалыг  нэгтгэн дэмжих ажилчдын холбоо" гэж нэрлэгддэг Мюнхен тойрог үүсгэн байгуулагчдын нэг болсон билээ. 1898 онд тэрээр үйлдвэрлэлийн салбарын  нарийн хийц  рүү гар шамдан орж  шилэн үйлдвэрийн бүтээгдэхүүний  салбарт ч хүчээ сорив. Мэдээж үйлдвэрлэх боломж технологийг давхар судалжээ.

Петер Беренс шрифтийн төрлийн мастер

   

Альбрехт Дюрерийг “Графикийн хаан-Шрифтийн загалмайлсан эцэг” гэх нь бий.
Тэгвэл  түүний нутаг нэгт Петер Беренсийг “Хорьдугаар зууны  Дюрер” хэмээн нэрлэх нь санамсаргүй зүйл биш ээ. Тэрээр өөрийн зохиосон эх загвараа төгс төгөлдөр болтол нь давтагдашгүй олон янзын, тус бүртээ биеэ даасан  загварыг  бүтээдгээрээ алдартай.
Жишээ нь, Беренс өөрийн бренд болсон “AEG” загварын товчооны бэлгэдлээ он онд  өөрөө сайжруулан шинэчилсээр иржээ.
Анхандаа тэрээр компанийнхаа нэрийг гот маягийн “угалзлуулсан” үсгээр бичиж байсан бол яваандаа цулгуй хүрээн дотор сериф хэвтэй дармал үсгээр бичсэн нь одоо ч хүчин төгөлдөр хэвээр аж. Чухамхүү түүний ачаар “AEG” бүтээгдэхүүний амин чухал хэсэг нь загвар болохыг батлан тунхаглажээ.
    


Петер Беренс хэдийгээр эрин үеийн нэрт архитекторч боловч номын чимгийн салбарт бас бахдам амжилтыг олжээ. Судлаачид  “Петер Беренсийн уран барилга номын чимэг мэт нямбай. Номын чимэг нь уран барилга мэт сүрлэг” хэмээн  дүгнэсэн нь олзуурхам үнэлгээ юм.
Үнэхээр уран барилгын нүсэр бүтээц бүхий байгууламж, дотоод, гадаад шийдлийг ч үсэг өрөх мэт нарийн чимхлүүр  титэм үсэг, хуудасны дугаар шиг тооцон хөнгөн цэвэрхэн харагдуулна. Харин номын урлагт нүүр хуудасны үндсэн зохиомжийг  гарчиг, үсгийг хосгүй тансаг шрифтээр баяжуулан хүрээ хөвөөний хээ хуарыг харахад  эртний Грекийн сонгодог ордер баганууд сүндэрлэн, “налайх” мэт хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг.


   
Тэрээр эртний сонгодог  антиква, гот  үсгийн хэлбэр дээр үндэслэн олон төрлийн үсгийн  санг зохион баяжуулсан нь одоо ч чимэглэлийн урлагт ашиглагдсаар байгаа.
   
 

 
Тэрээр өөрийн санаачлан дэвшүүлсэн албан байгууллага, үйлдвэр заводын төслүүдээс илүү офиссын дотоод заслын тавилга, реклам чимэглэлийн танилцуулга, барааны шошго хаяг, эх загварын төгс шийдэл, зохиомж, техникийн боломжийн тогтолцоо болон хэвлэлийн графикийн салбарт ч анхаарлаа хандуулжээ.



 
Петер Беренс Германы төдийгүй орчин үеийн дизайны урлагийн бүхий л салбарт хүчээ сорьсон эрин үеийн давтагдашгүй зохион бүтээгч билээ.


 
Тэрээр зөвхөн бидний өдөр тутам хэрэглэн заншсан эд хэрэглээний бүтээгдэхүүний  загварыг зохион бүтээгээд зогссонгүй үйлдвэрт хэрэгжүүлсэн гавьяа бий. Хамгийн ойр жишээ дурдахад, анхны цахилгаан данхны шийдэл түүний толгойноос урган гарчээ.
1908 онд “AEG” компанийн үйлдвэрлэсэн энэ бүтээгдэхүүн цахилгаан хэрэгслэлүүдийн цоо шинэ эрин үеийг нээжээ. Энэхүү сонгодог загвар төмөр эх биетэй, салдаг таг, халдаггүй бариул, мэдээж цахилгааны бариултай байлаа. Беренсийн энэ бүтээл XX зууны  цахилгаан данхны хэв шинжит загварыг тогтоосон юм.

 
   
Олон талын авьяаст Петер Беренс орчин үеийн аж үйлдвэрийн болон гэр ахуйн барааны загварын “алтан хараацай” юм.
“AEG” компанийн үйл ажиллагаа нь цахилгаан чийдэн, цаг, мотор, уурын турбин, дизель хөдөлгүүр, electrochemistry болон кабелийн бүх газар нутагт тархсан юм.
Тэрээр хамтрагч нартаа “Загвар бол практик ашигтай биетийг чимэж буй бус харин биетийн шинж чанартай нийцэхийн сацуу технологийн дэвшлийг илэрхийлсэн хэлбэр бүтэх явдал юм” гэж сурган захидаг байжээ.


                                                                                                                    

   
Бичгийн машин Миньон

  Цахилгаан шат


 
 Ханын сэнс     


Петер Беренсийн уран барилга номын чимэг мэт нямбай  
Үзсэн: 6921 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй