Шууд Chart

Үргэлж нялхаараа

2016-05-31 14:53:36

Зуны адаг сар дундаа орж, хөх ногооны унир газрын хэвлий хаван, хөндлөн цэнхэр уулс суунаг цагаан зэрэглээнд дайвалзаж, ногооны шим, нарны илчинд уусан жаргах тайван амгалан цагаар Дулам аажаагийн бие чилээрэхсэн тухай мэдээ хол ойрын олон хүний сэтгэлийг зовоов. Өдгөө наян насны босго алхсан ч хүний гар харж сураагүй цэмцгэр шар эмгэн ор дэр сахиж, олон хүнийг хөлдөө чирж байгаадаа сэтгэл санаагаар баахан унасан янзтай. Хүргэн бэрүүд нь ач гуч нар нь цуглаж, хот хүрээнээс ирсэн нэг нь эмч домч залж, нутаг орноо бараадаж үлдсэн хэд нь хадаг өвөртлөн лам хараар гүйж, ном гүрэм уншуулсан ч засралыг олсонгүй хориод хонов.

Дулам ч дуугаа хурааж, нүдээ анин, хэн нэгнийг хүлээх мэт чимээгүйхэн хэвтэж, айж сандарсан хүүхдүүд нь хий дэмий л “Ээж яаж байна? Хаана өвдөөд байна. Хоол идэх үү? Жаахан цай уугаач” хэмээн эргэлдэж байлаа. Олон хоног ор сахисан эмгэн ч ядарсан бололтой. “За даа. Хөгшин хонины насгүй болсон надаас болж баахан амьтан ажлаа алдаж байна. Хэзээ нэг нүд аньж энэ гэрийг цэвэрлэж өгөх юм бол” хэмээн урамгүйхэн хэлчихээд дахиад юм хэлсэнгүй хоёр ч хонов. Ээжтэйгээ хамт гуч гаруй жил амьдарч, хаяа цуг хатган хорин жилийг илээсэн Дамба хэмээх өндөр хар хүн энэ үгийг сонсоод хар цагаан дуугүй болж, бас л олны сэтгэлд хурсан түгшүүр дээр түгшүүр нэмээд эхлэх нь тэр. Хоёр охин дүү нь ахыгаа царайчилж, эхнэр нь нулимсаа нуун нүдээ нухалж, Дулам Дамба хоёрыг царайчилсан эцэс төгсгөлгүй мөчүүд удаанаас удаан өнгөрч байлаа. Хэдэн өдөр дуу шуугүй суусан Дамба өглөө эртлэн мордож, хажуу талын толгой дээр гарч нар мандахыг харлаа.

Амьдарч л байна, азтай л байна, дутуу юмгүй сайхан байна гэж шунах зүйлгүй, шүлэнгэтэх адын бодолгүй тавь гаруй насыг элээсэн хэнэггүй хөх эр сүүлийн хэдэн өдөр өөрийнхөө амьдралыг ижийгүйгээр төсөөлөх гээд чадсангүй. Ная илүү насалсан ээжийгээ алдана гэдэг түүнд хамгийн хүнд даваа гэдгийг ухаарч, ээжийгээ залуухан, сайхнаар нь бодож өдий хүрсэндээ харамсаж суулаа. Үнэндээ тэр энэ өдрийг хүртэл ээжийгээ ная гарчихаж, хөгширчихөж гэж бодож байсангүй. Бас өөрийгөө ачаа үзчихсэн өвөө гэж ч бодож яваагүйгээ гэнэтхэн л санав.

Ная илүү насалсан ээжийгээ алдана гэдэг хамгийн хүнд даваа...

Дамба өврөө уудлан хотод амьдардаг дүү охиныхоо авчирч өгсөн ганц шил хатуу дарсыг задлаж, шилээр нь гүдхийтэл залгилж, гэр лүүгээ дурандан орж гарах хүмүүсийг ажиглаж, удаан суув. Цас зуд, ган гачиг, байгалийн хатуу бүхнийг ганцаараа сөрж, ээжийгээ, орон гэрээ, амин зуулгаа өлхөн аваад гарчихдаг гөжүүд, гүжирмэг эр тулаад ирсэн хагацлын өмнө өвдөг сөхрөн суугаадаа өөрийгөө зүхэж, бас ээжийгээ өрөвдөн өмөлзөж байлаа. “Ээж яаж байгаа бол?” гэж тэр бодсон ч гэр лүүгээ очихоос халширч, архинаасаа ганц нэг балгаж суусаар нар жаргах дөхөж байхад гэр лүүгээ шогшуулав. Уяан дээрээ яаж бууснаа ч нэг их сайн мэдсэнгүй. Ээжийнхээ гэрт халгасхийн орлоо.

Тавь гарчихсан эр ээжийнхээ орны хөл бараадан, гэнэтхэн эхэр татан хүүхэд шиг уйлж эхлэх нь тэр. Архины ааг, амсах зовлонгийн гашуунд согтсон эрийг янз муутайхан харж хэвтсэн хөгшин хүч мэдэн өндийж, бага охиноороо ташуур авахуулаад нус нулимсандаа хутгалдсан хүүгээ гэнэтхэн ороолгож эхэллээ. Дулам “Өдий насалчихаад хүүхэд уруу татаад, зөнөг хар өвгөн. Одоо ирж гашуун ус гудардаг болоо юу” хэмээн үглэх зуур хүүгээ хэд сайн ташуурдаад авлаа. Саяхан уйлж байсан Дамба “Хүүш ээж, ёо ёо, өвдөж байна шүү дээ” хэмээн толгойгоо хаах аядаж, хэсэг шуухитнаж байснаа гараад явчихав.

Маргааш өглөө нь Дамба орж ирсэнгүй. Санаа нь зовсон Дулам том хүүгээ бага охиноосоо битүүхэн сураглавал “Ах хэвтээд л байна. Толгой нь өвдөөд байгаа юм байхаа” хэмээн хэлчихээд дуугарсангүй. Дулам хөгшин санаа нь зовж байгаа нь илт. “Муу хүүгээ арай л дэндүү цохичих шиг болсон. Тархи толгойг нь гэмтээчихээгүй байгаа даа. Мах оруулаад ир, би хүүгийнхээ дуртай хоолыг өөрийнхөө гараар хийж өгнө” гэж зүтгэсээр бослоо. Дулам хөгшний бие овоо сайжирсан нь илт. Дамба ээжээрээ махан хуурга хийлгэж идсэн шигээ хэвтэж байхдаа “Ээжийн гар ч чанга байна шүү. Муу ээж минь энэ жилдээ алзахгүй” хэмээн бодсон хэрнээ эхнэртээ “Ээж юу гэж байна. Миний толгойг гэмтээчихсэн байх гэж ярьж байгаа биз. Би урмыг нь бодоод л уйлсан юм” хэмээн мар мар инээж суулаа. Харин Дулам хөгшин “Иш тавь гарчихсан эр гээд байгаа шүү. Бас л нялхаараа л байна даа. Ээжээрээ ташуурдуулаад хэвтэж байдаг. Хөгшин зөнөг чинь хүүгээ гэмтээх нь. Муу хүүдээ хэдэн жил харагдчих юмсан ” хэмээн өөрийгөө зэмлэж суулаа.

Эхийн сэтгэлд үр нь нялхаараа өтөлдөг гэж үнэн аж. Тал булагийн дэнж агь гангын үнэрт нялхарч, ижийтэй орчлонгийн амар амгалан өдрүүд үргэлжилж байна.

Нийтэлсэн: Б.Цоожчулуунцэцэг

Үргэлж нялхаараа  
Үзсэн: 4380 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.57.94.xxx] 2016-06-02 13:10
Сайхан бичжээ. Бид ижийдээ үргэлж нялхаараа шүү дээ.

Бидэнтэй нэгдээрэй