Шууд Chart

Улсын арслан Б.Төрбат агсны хөшөөний шав тавих ёслол боллоо

2016-06-08 12:23:25

Архангай аймгийн Жаргалант сумын харьяат, улсын арслан Б.Төрбат агсны хөшөөний шав тавих ёслол төрөлх суманд нь боллоо.  

Тэрээр Жаргалант сумын Улиастайн голд 1905 онд төрсөн бөгөөд 1929 оны улсын наадамд тав давж начин, 1936 онд долоо давж заан, 1938 онд 1024 бөхөөс Арвайхээрийн Ц.Банди арслангаар 10 давж түрүүлэн арслан цол хүртсэн түүхтэй. Мөн 1939 онд долоо, 1942, 1944 онд тав, 1945 онд зургаа даван шөвгөрсөн байна.

Түүний барилдааны онцлогийг тодруулбал баруун, зүүн гарынхаа аль нэгийг өрсөлдөгч бөхийнхөө суган доогуур лав хийгээд тонгорох талынхаа ташаагаа бэлхүүсэнд тулгаж байгаад урагш нь тонгороод, тонгороогүй талынхаа гараар нөгөө бөхийнхөө цаад талын хөлний өвдөгний гадна талаас нь өөр рүүгээ огцом татаж хаядаг байжээ.

Цээж түхгэр, бүсэлхий нарийн, сайхан бие бялдартай бөх байсан бөгөөд олны дунд Архангайн “эрээн хавиргат” гэж алдаршсан нэлээд аатай, амтай бөх байсан гэдэг.

Б.Төрбат арслангийн ахын хүү ахмад багш Б.Довдон энэхүү ажлыг санаачилж буй бөгөөд хөшөөний нээлтэд зориулсан баяр наадмыг ирэх наймдугаар сард зохион байгуулах юм байна.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улсын арслан Б.Төрбат агсны хөшөөний шав тавих ёслол боллоо  
Үзсэн: 1257 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй