Шууд Chart

“Сайн хашаа” хөтөлбөрийн хүрээнд 10 хүртэлх сая төгрөгийн зээл авч болно

2016-06-08 14:14:50

Өнгөрсөн сард Засгийн газраас “Сайн хашаа” хөтөлбөр, тус хөтөлбөрийг санхүүжүүлэх зээлийн ерөнхий журмыг баталсан. Уг хөтөлбөрийн нээлт Чингисийн талбайд өнөөдөр болж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон иргэдийн төлөөлөл оролцлоо.

Энэ хөтөлбөр хот, суурин газрын гэр хорооллыг хэсэгчилсэн болон бие даасан инженерийн дэд бүтэцтэй амины орон сууцны хороолол болгон хөгжүүлж, иргэдийн эрүүл, тав тухтай, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм гэж “Сайн хашаа” хөтөлбөрийн нээж Ерөнхий сайд хэллээ. Ингэснээр агаар, хөрс, усны бохирдол  ч багасна гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд гэр хороололд оршин суудаг иргэдийг Засгийн газрын “Сайн хашаа” хөтөлбөрт хамрагдаж, амьдрах орчноо сайжруулахыг уриаллаа.

Хөтөлбөрт нэг өрх айл дангаараа хамрагдаж болно, хөршийнхтэйгөө, эсвэл гудамжаараа ярилцаж хамтарч болно. Олон айл хамтрах тохиолдолд техникийн болон бусад шийдэл, санхүүжилтийн боломж илүү нэмэгдэнэ. “Сайн хашаа” хөтөлбөрийг 2021 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Иймд Засгийн газар ард иргэдийн саналыг авч хөтөлбөрт тусгах боломж нээлттэй гэдгийг тэрбээр хэллээ.

Хөтөлбөрт хамрагдсан иргэнд арав хүртэл сая төгрөгийн таван жилийн хугацаатай, таван хувийн хүүтэй зээл олгох бөгөөд эхний 24 сар буюу хоёр жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөх юм.

“Сайн хашаа” хөтөлбөрийн санхүүжилтийн хэмжээ жилд 200 хүртэл тэрбум төгрөг байх бөгөөд жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусгана.

Эхний ээлжинд Улаанбаатар хотын 69200 айл өрх хөтөлбөрт хамрагдаж байна. Эдгээрийн төлөөлөл зарим иргэдэд хөтөлбөрт хамрагдах батламж гардууллаа.

“Сайн хашаа” хөтөлбөрийг дэмжиж, хамтран ажиллаж байгаа 30 гаруй аж ахуйн нэгж, компани тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүний иж бүрэн шийдлээ танилцуулсан үзэсгэлэнг Чингисийн талбайд гаргасан байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ үзэсгэлэнтэй танилцаж, зарим компанийн төлөөлөлтэй ярилцлаа.

 

 

 

 


“Сайн хашаа” хөтөлбөрийн хүрээнд 10 хүртэлх сая төгрөгийн зээл авч болно  
Үзсэн: 903 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй