
Монголын шагайн харвааны холбооноос насанд хүрэгчид болон өсвөрийн УАШТ-ийг шагайн харвааны төв асарт зохион байгуулж, одоогоор өсвөрийн аваргууд тодорлоо.
Тэмцээнд Хөвсгөл, Дорноговь, Өмнөговь, Хэнтий, Төв, Дундговь аймгийн баг тамирчид хувийн цувааны 7-8 нас, 9-12, 13-16 насны ангилалд өрсөлдлөө. Тэднээс Дорноговиос гурав, Төв аймгаас баг оролцов.
Тэмцээний дүнг сонирхуулбал, багийн харвааны нэгдүгээр байрт Б.Цогтбилэг ахлагчтай Хэнтий аймгийн Баянмөнх сумын баг шалгарсан бол Б.Наранцогт ахлагчтай Өмнөговь аймгийн Ханбогд сумын баг аман хүзүүдэж, С.Сэр-Од ахлагчтай Төв аймгийн Өндөрширээт сумын баг гуравдугаар байрыг эзэллээ.
Цуваа харвааны 7-8 насны ангилалд М.Мөнгөншагай (Дундговь, Дэрэн сум), Лхагвадорж (Төв, Өндөрширээт сум), О.Хангал (Дорноговь, Айраг сум) нар эхний гурван байрт шалгарав.
9-12 насны ангилалд Б.Алтаншагай (Хэнтий, Жаргалтхаан сум), Г.Төрболд (Хэнтий, Баянмөнх сум), Д.Уламбаяр (Дорноговь, Айраг сум), 13-16 насны ангилалд Т.Батбаяр (Хэнтий Баянмөнх сум), У.Булгантамир (Хэнтий Жаргалтхаан сум), Б.Наранцогт (Өмнөговь Ханбогд сум) нар эхний гурван байрыг эзэлсэн юм.
Тэмцээнд оролцсон хамгийн залуу 21 харваачийг “Егүзэр хутагт Дамдин Бишрэлт сан”-гаас олгосон гарын бэлгээр урамшууллаа. Мөн хувийн цуваа харвааны ангилал бүрт эхний гурван байрыг эзэлсэн харваачийг Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар Ерөнхийлөгчийн гарын бэлгээр шагнах юм.
Харваачдын эгнээг өргөтгөж, залуу харваачдад шагайн харвааны ёс жаягийг өвлүүлэх, ур чадварыг нь дээшлүүлэх зорилготой тус тэмцээн энэ жил 13 дахь удаагаа боллоо.
Шагайн өсвөрийн харваачид аваргаа тодрууллаа | ||
Үзсэн: 1090 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.