
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж,дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
· “Галын аюулгүй байдлын үндсэн дүрэм”-ийг хэрэгжүүлж, мөрдөн ажиллахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадралд үүрэг болголоо.
· 2016 оны эхний хагас жилд “11-11 төв”-д иргэдээс төрийн захиргааны төв байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байдлыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцууллаа.
· 2016 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Австрийн Вена хотноо болсон Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын 6 дугаар хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга Р.Жигжидэд даалгалаа.
· Улаанбаатар хотноо 2016 оны зургаадугаар сарын 3-нд гарын үсэг зурсан “АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд газар ашиглуулах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа.
· АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн энэ сарын 5-нд манай улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд уг айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.
· Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2016 оны тавдугаар сарын 18-20-нд БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг даалгалаа.
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо | ||
Үзсэн: 1103 | Mongolian National Broadcaster |