Шууд Chart

Ухаалаг гар утасны хэт их хэрэглээ сэтгэл гутралд хүргэдэг

2016-06-23 16:08:03

Ухаалаг гар утасны хэт их хэрэглээ сэтгэл гутралд хүргэдгийг эрдэмтэд тогтоожээ. Өмнөд Солонгост 5,000 гаруй оролцогчийг хамруулсан тус судалгаанаас эрдэмтэд ийм дүгнэлт хийсэн байна. Үүнээс гадна Сөүл хотын эмнэлэгт мөн асуудлаар судалгаа хийгдэж, 23 мянган эмэгтэй, 26 мянган эрэгтэйг хамруулсан байна. Тус судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 18 хувь нь буюу 4000 гаруй нь, харин эрэгтэйчүүдийн 30 гаруй хувь нь гар утсандаа донтсон гэх дүн гарчээ. Үүнээс гадна сэтгэлзүйчид эмэгтэйчүүд онлайнаар шинэ харилцаа тогтоох нь эрэгтэйчүүдээс элбэг байдгийг тогтоосон байна.

Мөн бодит амьдралдаа сэтгэл ханамжгүй явдаг хүмүүс цахим сүлжээний идэвхтэй хэрэглэгч болж, ухаалаг гар утсанд донтдог байж магадгүй гэж мөн дүгнэжээ. Энэ маягаар сэтгэлээ тайвшруулах гэмгүй ч удаан хугацаанд илүү хор хөнөөл учруулж болзошгүй гэж судлаачид үзэж байна. Ухаалаг гар утас хэрэглэгчид нийгмийн харилцаанд оролцох нь багасч, ганцаардмал байх магадлал нэмэгддэг. Энэ нь сэтгэл гутралыг гүнзгийрүүлэх томоохон хүчин зүйл болдог байна.

Иймээс гар утасны хэрэглээгээ бууруулж, нийгмийн амьдралд идэвхтэй оролцохыг эрдэмтэд уриалж байна. Өмнөд Солонгост гар утас эзэмшигчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Тус улсад 12 настнуудын 70 гаруй хувь нь ухаалаг утас эзэмшдэг гэх тооцоо байгаа юм. Мөн насны хүүхдүүд өдөр бүр 5-аас дээш цагийг ухаалаг утас хэрэглэхэд зарцуулдаг дүн гарчээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Ухаалаг гар утасны хэт их хэрэглээ сэтгэл гутралд хүргэдэг  
Үзсэн: 2969 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй