
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Үүнд,
- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 оны зургаадугаар сарын 23-24-нд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд ажиглагчаар оролцсон болон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын гурван талт дээд түвшний уулзалтад оролцсон дүнгийн талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан уг хуралдаан болон уулзалтад оролцсон дүнг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгав.
- Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2016 оны тавдугаар сарын 30-31-ний өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийсэн дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан уг айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгав.
-2016 оны тавдугаар сарын 16-18-нд Япон Улсад хийсэн ажлын айлчлалынхаа дүнг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
- Бүгд Найрамдах Чех Улсын Орлици хотноо зохиогдсон Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн 58 дахь уралдаанд гуравдугаар байр эзэлсэн Хөгжим бүжгийн коллежийн 4 дүгээр ангийн сурагч Батбямбын Жамбалбаярнямд есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ.
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо | ||
Үзсэн: 1095 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.