Шууд Chart

Олимпийн хотхон 3604 өрөө бүхий 17 давхартай 31 барилгаас бүрджээ

2016-08-04 15:38:45

Рио Де Жанейро хотод  болох XXXI дэх удаагийн зуны олимпийн 18 мянга орчим тамирчин, дасгалжуулагчид  болон албаны хүмүүс "Рио 2016" хотхонд байрлаж байна.

Олимпийн хотхон гэхээсээ илүүтэй Олимпийн хот гэж нэрлэж болохоор энэхүү цогц байгууламж "Рио-2016" наадмыг зохион байгуулагчдын хэлж байгаагаар "хамгийн олон хүний багтаамжтай Олимпийн хотхон" юм.

Риод ирсэн хүндэт зочдод 13 мянга орчим сайн дурынхан үйлчилж байгаа аж. Уг хотхон нь Риогийн баруун өмнөд хэсэг дэх Олимпийн цэнгэлдэх хүрээлэнгийн хажууханд байрлах бөгөөд 3604 өрөө бүхий 17 давхартай 31 барилгаас бүрдэж байна. Хотхонд худалдааны төв, банкууд, эмнэлэг, биеийн тамирын заал, шуудан, гоо сайхны салон, чийрэгжүүлэх төв, худалдааны төвүүд зэрэг цогц үйлчилгээ багтсан байна.

Харин тамирчдад зориулан 200 мянган хавтгай дөрвөлжин метр талбайд амралтын газар, тоглоомын өрөө, ногоон байгууламж, унадаг дугуйн зам, усан сан зэргийг барьсан байна. Хотхоны эргэн тойронд 24 цагийн турш автобусаар үйлчилж байгаа бөгөөд өдөрт 60 мянга гаруй хүнд үйлчлэх хүчин чадал бүхий ресторан зочид төлөөлөгчдөд үйлчилж байна. "Хэдий өндөр зэрэглэлийн боловч манай ресторанд үндэсний хоол гардаггүй, бүр Фейжоада хүртэл шүү. Учир нь бид тамирчдад зориулсан хоол бэлддэг. Бидний үүрэг тэдний эрүүл мэндэд тустай, чанартай хоол бэлдэх" гэж тус рестораны хоолны мэргэжилтэн Флавия Альбукерке ярилцлагандаа онцолсон байна.

Түүнчлэн «Эрүүл мэндийн төвийн нийт талбай нь 3500 хавтгай дөрвөлжин. Эмнэлгүүд бараг л ялгарахгүй. Ганц дутаж буй зүйл бол ерөнхий мэс заслын тасаг. Хэрвээ тамирчдад мэс засал хийх шаардлага гарвал ойрхон эмнэлэгт хүргэнэ, харин бусад бүх тохиолдолд энд эмчлэх боломжтой" гэж эрүүл мэндийн төвийн эрхлэгч Марсело Патрисио хэлжээ.

Олимпийн хотхон зочид, тамирчдаа хүлээн авахад бэлэн хэмээн даян дэлхийгээр зарласан. Гэвч Риод очсон тамирчид эхнээсээ байрласан газартаа сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлж эхэлсэн байна. Тэд барилгын доторх ил шугаман хоолойнуудаас ус гоожиж, хий үнэртэж байгааг,  шатны гэрэлтүүлэг байхгүй нь тэдэнд таагүй байгааг илэрхийлсэн байна. Шинэ Зеланд болон Их Британын баг тамирчдаас ч ийм гомдлууд гарчээ.

Харин Австралийн баг тамирчид энэ асуудал шийдэгдэх хүртэл ойрхон зочид буудалд байрлахаар болжээ. Энэ тухай Австралийн үндэсний олимпийн хорооны төлөөлөгч Китти Чиллер "Бид Олимпийн хотхоныг тамирчдад аюултай гэж бодож байна. Учир нь энд шатдаг хийн систем бүрэн хийгдээгүй. Цахилгаан холбооны хувьд ч гэсэн асуудалтай юм байна. Би 4 олимпод оролцож байсан, харин ийм байдлыг анх удаа харж байна" гэсэн бол Австралийн багийн эмч Кристофер Огрис "Бага зэрэг дутагдлууд байгаа, гэхдээ үүнээс болж зугтах хэрэггүй гэж бодож байна. Ажилчид дуусаагүй ажлуудыг хурдан дуусгахын тулд өдөр шөнөгүй ажиллаж байна. Тун удахгүй бүх асуудал жигдэрч, зочдын санаа тайвширна гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

Мэдээж байгаа бүхэнд сэтгэл хангалуун байгаа баг тамирчид цөөнгүй байгаа аж. Тухайлбал, Бермудийн арлаас ирсэн багийн төлөөлөл Австралийн багийнхантай санал нийлэхгүйгээ илэрхийлжээ. Бермудийн арлаас ирсэн багийн төлөөлөгч Кевин Пирсон «Бүх юм гайхалтай байна, Олимпийн хотхон маш гоё газарт байрласан. Эргэн тойронд байгаа хүмүүс найрсаг байна. Тоглолтууд сайхан болно гэдэгт итгэлтэй байна" хэмээсэн байна.

Олимпийн хотхонд шийдлээ олоогүй дээрх асуудлуудыг шийдэхийн тул мянга, мянган ажилчид амралтгүй ажиллаж байна. Өнгөрсөн Ням гарагт зэвсэгт хүчнийхэн хамгийн сүүлийн бэлтгэлээ хийсэн байна. Олимпийн тоглолтуудын үеэр аюулгүй байдлыг хангахын тулд  80 мянга гаруй цагдаа нар ажиллана. Энэ нь 2012 оны Лондонгийн олимпийн үеэр ажилласан хамгаалалтын багийнхнаас хоёр дахин их юм. Хотхоныг барихад 18000 хүн ажилласан. Нийтдээ 43 тонн бетон зуурмаг орсон бөгөөд байгууламжийн нийт өртөг нь 2,909 тэрбум Бразил реал болсон байна.

Олимпийн хотхон

Олимпийн хотхон

Олимпийн хотхон

Олимпийн хотхон

Олимпийн хотхон

Олимпийн хотхон

Олимпийн хотхон

Олимпийн хотхон

Олимпийн хотхон

Олимпийн хотхон

Олимпийн хотхон

Олимпийн хотхон

Олимпийн хотхон

Олимпийн хотхон

Олимпийн хотхон

Олимпийн хотхон

Олимпийн хотхон

Олимпийн хотхон

Олимпийн хотхон

Нийтэлсэн: Б.Назкеш

Олимпийн хотхон 3604 өрөө бүхий 17 давхартай 31 барилгаас бүрджээ  
Үзсэн: 3579 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй