Шууд Chart

Рио 2016: Домогт Пеле олимпийн бамбарыг асаана

2016-08-05 16:29:58

"Рио 2016" зуны олимпийн наадмын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн хэдийнээ эхлэсэн боловч дэлхий даяар тэсэн яадан хүлээж буй мөч бол алдарт “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд болох Олимпийн нээлтийн ёслолын ажиллагаа.  

Рио Де Жанейро хотод орой харин Монголын цагаар маргааш өглөөний 7 цаг 40 минутад эхлэх нээлтийн ажиллагааг 3 тэрбум хүн үзнэ гэсэн урьдчилсан таамаг байна.

Тус улсын олимп зохион байгуулах хорооноос «Энэ үдэш Бразилийн аялгуут хөгжим, эрчимтэй бүжигтэй хосолсон эрч хүчээр дүүрэн байх болно» гэсэн амлалтыг өгч байгаа юм.

12 настай реппер охин Эм Си София, Бразилын хамгийн алдартай дуучид болох Гилберто Гил болон Кактано Велосо нар үдшийн одод байх болно. Мөн самба бүжгийн 12 сургуулийн бүжигчид “Маракана” цэнгэлдэх хүрээлэнг доргиож үзэгчдийг хөгжөөнө.

«Би нээлтийн ёслол улс төр, эдийн засгийн хүнд байдалд байгаа Бразилчуудын сэтгэл санааг өргөх дэм болно гэдэгт итгэлтэй байна. Нээлтийн дараа Бразилчуудын зүрхэнд итгэлийн гал асааж, өөрсдийн соёл, уламжлалаараа бахархах болно. Мөн эрх чөлөөтэй, энх тайван орон гэдгийг мэдрэх болно» хэмээн нээлтийн ажиллагааг зохион байгуулах багийн гол удирдагчдын нэг Фернандо Мейреллес онцоллоо.

Мейреллес Бразилын алдарт кино найруулагчдын нэг юм. Тэрээр Оскарын шагналт «Бурхадын хот» киногоороо Бразил төдийгүй дэлхийн кино сонирхогчдыг шүтэн бишрүүлж чадсан. Тэрээр кино найруулагч Данни Войлетэй хамт Лондон 2012 олимпийн нээлтийн ажиллагаанд ажиллаж байсан туршлагатай.

Олимпийн наадмын нээлтийн ажиллагааны нууцаас задлахад домогт тамирчин Пеле Маракана цэнгэлдэх хүрээлэнд олимпийн бамбарыг асаана. Мөн дэлхийн хамгийн үнэтэй загвар өмсөгч хэмээн үнэлэгддэг Жизель Бюндхен нээлтийн ёслолд оролцоно. Тэрээр зөвхөн оролцоод зогсохгүй дуучин Паоло Жобтой хамтран жааз дуу дуулна.

Жизель өнгөрсөн онд дахин загварын шоунуудад оролцож, тайзан дээгүүр алхахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Гэвч Жизель тун онцгой үйл явдалд зориулж өөрийн шийдвэрийг анхны буюу сүүлийн удаа өөрчлөхөөр шийджээ. Өдгөө 35 настай модель бүсгүй наймдугаар сарын 5-нд Рио де Жанейрод зохиогдох Олимпийн наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцох нэр хүндтэй үүргийн төлөө ийнхүү шийдвэрээ өөрчилжээ. 

Үүнээс гадна Бразилийн модель Леа Ти нээлтэд оролцох юм байна. Энэ бол олимпийн нээлтэд трансжендер хүн оролцох гэж байгаа анхны тохиолдол юм.


Фернандо Мейреллес: Бага мөнгөөр ихийг бүтээхийн тулд маш их хичээж байна

Бразилийн өнөөгийн эдийн засгийн байдалтай холбоотой олимпийг зохион байгуулахад маш бага төсөв хуваарилагдсан. Энэ хямрал Бразилийн түүхэнд болж буй эдийн засгийн хамгийн хүнд нөхцөл гэж удирдлагууд мэдээлж байна. Энэ байдал нээлтийн ажиллагааны чанар чансаанд ч мөн адил нөлөөлөх нь тодорхой.

 

«Олимп, паралимпийн нээлт болон хаалт гэсэн нийт дөрвөн үйл ажиллагаанд 113,9  сая ам.долларын төсөв шаардлагатай» гэж урьдчилсан тооцоо гаргасан боловч бидэнд 55,9 сая ам.доллар хуваарилсан. Төсвийн ихэнх нь хамгаалалтын алба болон нээлтийн шоунд зарцуулагдлаа. Хөрөнгө Лондонгийн олимпийн төсөвтэй харьцуулахад 12, Бээжингийн төсвөөс 20 дахин бага байгаа болохоор бага мөнөгөөр ихийг бүтээхийн тулд маш их хичээж байна. Би урьд өмнө ийм хэцүү нөхцөлд ажиллаж байгаагүй, том тайзыг төгс бэлдэхийн тулд маш их хариуцлага хэрэгтэй» хэмээн онцлон хэлжээ.

Давчуу байдалд ажиллаж байгаа ганц хүн Мейреллес биш. Бразилийн хамгийн алдартай бүжиг дэглээч Деборах Колкер нээлтийн ажиллагаанд зориулж 5 дугаар сараас хойш 6000 гаруй сайн дурынхныг адилхан бүжгийн хөдөлгөөнд бэлдэж байна.

Нээлтийн ажиллагааны үеэр үндэсний онцлогийг хамгийн сайн харуулсан хэсэг нь тамирчдын жагсаал байх болно. Америкийн тамирчин Стив Войд жагсаалаар 12000 тамирчдад туслах 550 сайн дурынхныг бэлдэж байгаа ажээ.

Рио 2016 олимпийн нээлт бусдаасаа үндэсний онцлогийг хамгийн сайн харуулснаараа ялгарах болно гэж зохион байгуулагчид хэлж байна.

Эх сурвалж: CNN

Нийтэлсэн: Б.Назкеш

Рио 2016: Домогт Пеле олимпийн бамбарыг асаана   
Үзсэн: 4545 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй