Шууд Chart

Олимпийн нээлтийг Бразилийн 3 найруулагч найруулжээ

2016-08-06 09:53:52

Рио 2016 олимпийн наадмын нээлт үргэлжилж байна. Олимпийн нээлтэд Бразилийн 3 найруулагч ажиллажээ.

Дэлхий даяар тэсэн ядан хүсэн хүлээсэн мөч ирлээ. Өнөөдрийг хүртэл "Ямар байх бол" гэж олон хүний сонирхлыг татсан нээлт сүр жавхлантай, эрч хүчээр дүүрэн үргэлжилж байна. Нээлтийн эхний хэсэгт Бразилийн үндэсний ёс заншил, соёлын онцлогийг харуулсан үзүүлбэрүүд явагдав.

Домогт "Маракана" цэнгэлдэх хүрээлэнд суурилуулсан лед дэлгэцийн тусламжтайгаар өнөөгийн хотжилтыг гайхалтай дүрслэн харууллаа. Үзүүлбэрийн гол санааг барилгуудын загварыг алдарт дизайнер Петер гаргасан байна. Рио-де-Жанейро бол Бразилийн хоёр дахь том хот. Бразил улс бол Өмнөд Америкт асар богино хугацаанд дэлхийн хамгийн том хотуудыг босгосон улс юм. Энэхүү барилгууд хамгийн шинэ технологиор баригдсанаас гадна үндэсний онцлогийг хамгийн их шингээснээрээ алдартай.

Мөн нээлтийн үеэр дэлхийн анхны нисэх онгоцыг зохион бүтээсэн Сантас Думанд оролцож дэлхийн хөгжил дэвшилд Бразил улс ямар хувь нэмэр оруулсныг харуулсан байна. Сантас Думанд өөрийн бүтээсэн онгоцоор хотыг тойрч байгаа дүр зургийг харууллаа. Түүхэн дэх хамгийн анхны энэ онгоцоор 60 метр газар нисэж байжээ.  

Рио-де-Жанейро хот бол дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хот хэмээн нэрлэгддэг. "Бурхан эхлээд дэлхийг, дараа нь Рио-де-Жанейро хотыг бүтээсэн" хэмээн уугуул иргэд бахархан ярьдаг. Кристийн хөшөөнөөс харахад маш үзэсгэлэнтэй уран зураг мэт харагддаг.

Нээлтийн үеэр Бразилийн хамгийн алдартай оддын нэг Даниель Жабим дуулсан. Тэрбээр дэлхийд нэртэй дуучин Том Жабимийн ач хүү юм. Мөн дэлхийн хамгийн үнэтэй загвар өмсөгч хэмээн үнэлэгддэг Жизель Бюндхен нээлтийн ёслолд оролцлоо. Жизель өнгөрсөн онд дахин загварын шоунуудад оролцож, тайзан дээр алхахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Гэвч Жизель тун онцгой үйл явдалд зориулж өөрийн шийдвэрийг анхны буюу сүүлийн удаа өөрчлөхөөр шийдсэн байна. Өдгөө 35 настай модель бүсгүй наймдугаар сарын 5-нд Рио-де-Жанейрод зохиогдох Олимпийн наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцох нэр хүндтэй үүргийн төлөө ийнхүү шийдвэрээ өөрчилсэн гэнэ. Алдарт модель 60 мянга гаруй үзэгчийн өмнө ийнхүү хамгийн сүүлийн загварын алхаагаа хийлээ.

"Лондон 2012" зуны олимпийн хаалтад Бразилийн хэд хэдэн алдарт загвар өмсөгч оролцож байсан. Түүний Риогийн тайзан дээр өмссөн загварын даашинзыг алдарт загвар зохион бүтээгч Александро Херко урласан байна.

Бразил олон үндэстнээс бүрдсэн улс. Бүжгийн урлаг тус улсад маш сайн хөгжсөн. Үүнийг колоничлолын үеийн дарамтаас авсан сэтгэлийн хямралыг боолууд нийж бүжиглэн цэнгэж гаргадаг байсантай холбон тайлбарладаг. Энэхүү олон үндэсний бүжиг нь нээлтийн ажиллагааны хамгийн сэтгэл хөдөлгөм хэсгүүдийн нэг нь байлаа.

"Рио 2016" олимпийн нээлт үндэсний онцлогийг хамгийн сайн харуулсан олимпийн нээлт болж байна. Төсвийн хувьд Лондоны олимпийн нээлтийн төсвийн ердөө 10 хувьтай тэнцэнэ.

Монголын цагаар өглөөний 8 цагт эхэлсэн нээлтийн ажиллагаа гурван цаг үргэлжилнэ.

"Рио 2016" зуны олимпийн наадамд 206 орны 10.5 мянган тамирчин 33 спортын төрлөөр 306 медалийн төлөө өрсөлдөнө.

АНУ хамгийн олон буюу 555 тамирчин илгээж байгаа юм. Харин хоёрдугаар байрт 462 тамирчинтай Бразил улс орж байна. Жагсаалтыг Герман 425, Хятад 416 тамирчинтай үргэлжлүүлнэ. Хятадын 416 тамирчны 35 нь олимпийн аварга болж байсан тамирчид байна.   

 

Нийтэлсэн: Б.Назкеш

Олимпийн нээлтийг Бразилийн 3 найруулагч найруулжээ   
Үзсэн: 1770 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй