Шууд Chart

"Рио 2016" олимпийн наадамд оролцогчдын онцлох 10 гоёл

2016-08-07 15:54:50

Дөрвөн жил тутам болдог спортын хамгийн чухал наадмыг хувцасны үзүүлбэргүйгээр төсөөлөхийн аргагүй. Загвар өмсөгчдийг тамирчид, харин гоёмсог загварын цуглуулгыг тэдний биеийн тамирын хувцас орлодог билээ. Ижил хувцсаар жигдрэн гоёх санаа 1936 оны Берлиний Олимпоос эхлэлтэй бөгөөд Дэлхийн II дайны дараа уг уламжлалыг Олимпийн Харти (Олимпийн хөдөлгөөн, Олимпийн наадмын үйл ажиллагаанд зайлшгүй мөрдөн ажилладаг эрх зүйн тулгуур баримт бичиг. Олимпийн Үндсэн хууль ч гэж нэрлэдэг)-д албан ёсоор оруулжээ.

Барууны орнууд тамирчдын хувцсыг урлах ажлыг гол төлөв алдартай загвар зохион бүтээгчдэд даатгадаг уламжлалтай байсан бол ЗСБНХУ-ын үед тамирчдын хувцсыг Бүх холбоотын Загварын ордонд хийдэг байжээ. Цаг хугацаа өнгөрсөөр өдгөө олимпийн хувцсыг ёслолын, өдөр тутмын, тэмцээний гэсэн гурван ээлжийнхийг хийдэг болов.

Олимпийн нээлтийн ёслолын хамгийн чухал хэсэг бол оролцож буй орнуудаас ирсэн баг тамирчид цэнгэлдэх хүрээлэнд орж ирэх мөч юм. Энэ мөчид ямар улсын баг ямар ёслолын хувцсаар гангарсан нь олны сонирхлыг татдаг.


1. Монгол

Манай Монголчуудын хувьд энэ жил тод шар өнгийн хослолоор гангарсан. Олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэлд өртсөн боловч олон улсын хэвлэлүүдийн анхаарлыг татжээ. Монголын туг баригчийн хувцас хамгийн өвөрмөц нь байсныг дэлхийн зарим хэвлэлүүд бичжээ.


2. Швед

Шведийн баг тамирчдын спорт хувцасны загварыг H&M гаргажээ. Жагсаалын үед Шведийн туг баригч Тереза Алшаммарийн хувцас Шведийн тамирчдыг чимж байсан. Түүний өмссөн хувцас Швед улсын тугны үндсэн өнгөнүүдийг багтаасан байв.


3. Серби

Ёслолын хувцсандаа хамгийн орчин үеийн загварын чиг хандлагыг оруулж өгснөөрөө онцлогтой. Сүүлийн үед загварын ертөнцөд ихээхэн дэлгэрч байгаа урт даашинз ба улаан цагаан өнгийг өнгөнүүдийн эрээлж хослохыг сонгосон байна.


4. Бразилийн гоо үзэсгэлэнт загвар өмсөгч

Мөн дэлхийн хамгийн үнэтэй загвар өмсөгч хэмээн үнэлэгддэг Жизель Бёндхен нээлтийн ёслолд оролцолоо. Жизель өнгөрсөн онд дахин загварын шоунуудад оролцож, тайзан дээгүүр алхахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Гэвч Жизель тун онцгой үйл явдалд зориулж өөрийн шийдвэрийг анхны буюу сүүлийн удаа өөрчлөхөөр шийджээ. Өдгөө 35 настай модель бүсгүй Рио-де-Жанейрод зохиогдох Олимпын наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцох нэр хүндтэй үүргийн төлөө ийнхүү шийдвэрээ өөрчилжээ. 60 мянга гаруй үзэгчдийн өмнө ийнхүү хамгийн сүүлийн загварын алхаагаа хийлээ. Түүний Риогийн тайзан өмссөн загварын даашинзыг алдарт загвар зохион бүтээгч Александро Херко урласан байна.


5. Индонези

Индонезийн ёслолын хувцас хамгийн үдшийн сүр жавхлантай хувцас байсан. Гялалзсан алтлаг өнгөтэй малгай, үндэсний гол өнгө болох улаан, цагаан өнгөнүүдийг хосолсон хээтэй хослол үзэгчдийн анхаарлыг өөртөө татаж чадлаа.


6. Тонга

Тонга улсын туг баригч таеквондогийн тамирчин Пита Таукотофуа тэр үдшийн од байлаа. Тэрээр гоё ганган хувцсаараа биш, булчинлаг биеэрээ олны анхаарлыг татсан юм.


7. Их Британи

Их Британи Ёслолын хувцсанд уламжлалт ёсоор улаан, цагаан, цэнхэр өнгөнүүд орсон. Хүрэмний ар талд тус улсын сүлдийг хатгамлаар оёжээ. Материалын хувьд тамирчдын хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд чөлөөт загварыг илүүд үзсэн байна.


8. Израйл

Тэдний сонгосон чөлөөт загвартай хослол тамирчдын арьсны өнгө, биеийн галбиртай хамгийн сайн зохисноороо онцлог байсан. Олимпод оролцож байгаа бүх хүний онцлогт таарсан хувцсыг сонгоно гэдэг мэдээж амаргүй ажил.


9. АНУ

Ер нь олимпийн тамирчдынхаа албан ёсны хувцас, өмсгөлийн загварыг гаргахдаа ихэнх орон төрийн далбааны өнгө, бэлгэдэл дээр суурилдаг. ОХУ, АНУ, Их Британи гээд ихэнх улс далбааныхаа өнгөөр давалгаалуулдаг. Гэхдээ хамгийн хүчирхэг орны баг тамирчдын хувцас хэрэглэл ч шүүмжлэлээс ангид байна гэж байдаггүй. АНУ гэхэд өнгөрсөн олимпоор тамирчдынхаа хувцсыг Хятадад хийлгээд асар их шүүмжлэл хүлээсний дараа энэ жил эртний түнш “Ralph Lauren” брэндэд загвараа даатгасан байна.


10. Куба

Куба улсын баг тамирчдын ёслолын хувцсыг Францын загвар зохион бүтээгч Христиан Лоубтин гаргасан байна. Сонирхолтой нь загвар зохион бүтээгчдийн гаргасан олимпийн хувцасны загваруудаас тамирчид өөрсдөө сонголтоо хийсэн байна.

Нийтэлсэн: Б.Назкеш

"Рио 2016" олимпийн наадамд оролцогчдын онцлох 10 гоёл  
Үзсэн: 2057 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй