Шууд Chart

Түүхэн дэх хамгийн шилдэг 25 тамирчин

2016-08-12 16:42:10

Хүн төрөлхтний цэнгэлийн манлай XXXI дэх удаагийн зуны олимпийн наадам амжилттай үргэлжилж байна. Энэ үед хэн хүний ярианы сэдэв спорт руу чиглэж буй. Тэгвэл уншигч та бүхэнд шилдгүүдийг онцолдог  www.list25.com сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг, дэлхийг байлдан дагуулсан 25 эрэгтэй тамирчныг танилцуулжээ. Энэхүү танилцуулгыг та бүхэнд хүргэе.  

25. Билл Шумейкер (Bill Shoemaker) – Морин уралдаан

Морин уралдааны домогт тамирчин ердөө 150 см өндөр, 45 кг жинтэй “бяцхан” эр байжээ.  Аугаа унаач 10 улсын морин уралдаанд түрүүлж байсан байна. Түүний унасан морьд нийт 125 сая ам.долларын шагналыг авч байжээ.

Тэрээр хамгийн анх 1949 онд анх уралдааны замд гарсан бол хамгийн сүүлд 1990 онд уралдсан байна. 40 жилийн хугацаанд нийтдээ 40350 гараанд гарч, 8833 гараанд түрүүлж дэлхийн дээд амжилтыг тогтоосон. Энэ амжилтыг 29 жилийн турш хэн ч эвдээгүй.  

Тэр "Triple Crown on Thoroughbred"-ийн 11 удаагийн эзэн болсон. Энэ нь дэлхийн хамгийн алдартай гурван морин уралдааныг нэрлэдэг байна. Үүнд Kentucky Derby-д 4 удаа, Belmont Stakes-д 5 удаа, Preakness Stakes-д 2 удаа түрүүлж байжээ.

24. Жон Брзенк (John Brzenk) - Гар барилдаан

Америкт төрсөн Жон Брзенк гар барилдааны түүхэн дэх хамгийн аугаа тамирчин юм. Учир нь тэр 1983 онд 18 настайдаа хамгийн залуу дэлхийн аварга болоод түүнээс хойш 23 жилийн турш хэнд ч гар барилдаанаар дийлдээгүй.  

“Супермэн” хочит Жон Брзенк 185 см өндөртэй, 90-102 кг жинтэй байсан байна.

Хамгийн анх 16 настайдаа тэмцээнд түрүүлж байсан ба спортын түүхэн замналдаа 250 удаа түрүүлж байжээ.

Түүний тухай Силвесер Сталлонегийн тоглосон “Over the Top” нэртэй кино байдаг.

23. Келли Слейтер (Kelly Slater) - серфинг

Серфингийн түүхэн дэх хамгийн алдартай тамирчин бол Келли Слейтер юм. Тэрбээр мэргэжлийн серфингийн ДАШТ-нд 11 удаа түрүүлснээр дээд амжилтыг эзэмшдэг. Мөн хамгийн залуудаа буюу 20 настайдаа дэлхийн аварга болсон. Бас 2011 онд хамгийн ахмад насандаа /39/ түрүүлсэн тамирчин гэнэ. Спортынхоо замналд нийт 20 сая ам.долларын шагнал авснаар хамгийн баян серфингийн тамирчин болсон юм.

22. Тони Хоук (Tony Hawk) -  скейтбординг

“Хүн шувуу” хочтой Тони Хоук бол мэргэжлийн скейтбордын хамгийн супер од мөн. Тэр скейтийн спортод цөөнгүй хөдөлгөөн трюкийг гаргаж ирсэн ба анх удаа “900” хэмээх гайхалтай трюкийг хийжээ. Энэ нь агаарт 900 хэм эргэх эргэлт ажээ.

Тони Хоук  скейтбордын төрлөөр World Extreme Games болон экстрем спортын Олимпийн 9 алтан медальтай аж. Мөн энэ спортын хамгийн өндөр орлоготой тамирчин.

21. Оливер Бьёрндален (Ole Einar Bjørndalen) - биатлон

Оливер бол өвлийн олимпийн хамгийн аугаа тамирчин. Цасан спортын хаан Норвегийн домогт биатлонч Оливер Бьюрндален таван олимпид түрүүлсэн ганц тамирчин.

1998 оны Наганод анх түрүүлж байсан тэр 16 жилийн дараа 2014 оны Сочид 2 түрүү авч Олимпийн 8 алтан медальтай болсон. Түүнээс гадна цуглуулгад нь олимпийн 4 мөнгө, 1 хүрэл бий.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 39 медальтай /19 нь алт/ гэхээр ямар аугаа  тамирчин нь танд төсөөлөгдөж байгаа биз дээ.

1992 онд өсвөрийн дэлхийн аваргад анх түрүүлж байсан тэр 23 жилийн турш уралдаж түрүүлсээр байна.  

20. Янис Курос (Yiannis Kouros) – хэт холын зайн марафон

Хүний бие, сэтгэлийн тэсвэр тэвчээрийн хэмжээ хязгаар ямар аугаа байдгийг харуулсан хүн бол Грекийн хэт холын марафонч “гүйдэг бурхан” хочтой  Янис Курос юм.

Янис Курос1956 онд Ливид төрсөн бөгөөд ихэнхдээ Австралид гүйдэг. Анх 1984 онд рекорд тогтоосон.

Тэр тойрогт биш онгон байгальд гүйдэг. Түүний гүйлт болгон дэлхийн дээд амжилтыг тогтоож байдаг.  Тэр нэг ёсондоо 100-1000 км зайн дэлхийн бүх дээд амжилтыг “үйлдвэрлэдэг” тамирчин. Нийтдээ 150 дээд амжилтыг тогтоосон байдаг.

1000 миль /1609 км/  газрыг 6 өдрийн дотор туулж байжээ. Энэ нь өдөрт 270 км зам гүйж байна гэсэн үг. Тэсвэр тэвчээрийн хязгаарын эзэн тэр 30 жил гүйж байгаа.

19. Николай Андрианов – гимнастик

ЗХУ-ын домогт тамирчин Николай Андрианов бол гимнастикийн түүхэн дэх хамгийн алдартай эрэгтэй тамирчин. Тэр 1976-1980 оны гурван олимпоос 15 медаль /7 алт, 5 мөнгө, 3 хүрэл/ хүртсэн.  Бас ДАШТ-ээс 4 алт, 8 мөнгө, Европоос 10 алт, 6 мөнгө, 2 хүрэл хүртсэн аугаа домогт тамирчин юм.

Түүний өмнө олимпийн медалийнхаа тоогоор аугаа Майкл Фелпс /26/, Лариса Латынина /18/ нар л орно. Гимнастикчид эрт залуу насандаа амжилт гаргадаг бол Николай тэднээс өөр. 20-28 нас хүртлээ амжилт үзүүлсэн онцлогтой.

18. Карч Кирай (Karch Kiraly) – волейбол

Волейболын түүхэн дэх хамгийн алдартай тамирчин бол Карч Кирай юм. Энэ домогт тамирчин бейсболоор Бейб Рут, сагсаар бол Майкл Жордан гэсэн үг.

Олон улсын волейболын холбоо /FIVB/  түүнийг XX зууны хамгийн аугаа тамирчнаар нэрлэсэн.  Карч Кирай 1984, 1988 оны олимпид АНУ-ын шигшээ багт орж түрүүлснээс гадна 1996 оны олимпийн элсний волейболын төрөлд аваргалсан. Мөн 1986 оны дэлхийн аварга. Өөрөөр хэлбэл, түүнийг тоглож байх үед АНУ-ын баг волейболын хамгийн шилдэг баг байжээ.

17. Сергей Бубка – хөнгөн атлетик

“Ноён сантиметр” хочит тулгууртай харайлтын домог Сергей Бубкаг мэдэхгүй спорт сонирхогчид байхгүй.  ЗХУ болон Украины домогт тамирчин тэрбээр хөнгөн атлетикийн түүхэнд хамгийн урт удаан хугацаанд хамгийн олон дээд амжилтыг эзэмшсэн тамирчин.

Сонирхолтой нь тэрбээр олимпийн наадамд ганцхан удаа /1988/ түрүүлж байжээ.

1983-1997 онд ДАШТ-нд 6 удаа дараалан түрүүлсэн. Түүнтэй өрсөлдөгч байхгүй байсан ба зөвхөн дээд амжилт тогтоож байсан. Амжилтаа нэг, нэг сантиметрээр эвддэг байсан тул “ноён сантиметр” хочтой болсон гэдэг. Рекорд эвдэх бүрт Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос их хэмжээний мөнгөн шагнал өгдөг.

Тиймдээ ч 35 удаа өөрийн дээд амжилтаа шинэчилж байсан. Түүхэнд 6 метр дээгүүр анх давсан тамирчин юм. 1993 онд 6.15 см дээгүүр харайж, дэлхийн рекордыг 21 жил эзэмшиж байлаа. Энэ онд Францын тамирчин 6.16 см дээгүүр гарч эвдсэн.

16. Эдди Меркс (Eddy Merckx) – дугуй

“Царайлаг” хочит Эдди Меркс мэргэжлийн дугуйн спортын гурван оргил болох олон өдрийн  “Tour de France”-д 5 удаа, “Giro d’Italia-д 5 удаа, “Vuelta a España” уралдаанд нэг удаа түрүүлсэн.  Мөн ДАШТ-д гурван удаа манлайлж хэд хэдэн дэлхийн дээд амжилтыг тогтоосон аугаа тамирчин.

Франц болон АНУ-ын дугуйн сэтгүүлээс “Ббүх цаг үеийн хамгийн шилдэг дугуйчин” алдрыг хүртэж байсан. Тэр 1960-1970-аад оны хамгийн шилдэг дугуйчин байжээ.

15. Жим Браун (Jim Brown) - америк хөл бөмбөг

Жим Браун бол багийн спортын, тэр дундаа NFL буюу Америкийн мэргэжлийн хөл бөмбөгийн хамгийн алдартай тамирчдын нэг. NFL-ийн хэд хэдэн дээд амжилтыг тогтоосон. 1957-1965 онд тоглож байсан Жим Браун 6 тоглолтод 4 тачдаун хийж байсан ба нийтдээ 118 тоглолтод 104.3 ярд дамжуулалт хийжээ. Гурван удаа MVP хүртэж байжээ. 2002 онд мэргэжлийн хөл бөмбөгийн “Бүх цаг үеийн хамгийн аугаа тамирчин” -аар тодруулсан байна.

14. Гарет Эдвардс (Gareth Edwards) – регби

Уэлсийн хамгийн алдартай тамирчин Гарет Эдвардс бол регбигийн түүхэн дэх хамгийн аугаа тамирчин ажээ. “Төгс тоглогч” хэмээн нэрлэгддэг тэрбээр тоглолтын талбай, нөхцөл гэх зэргүүдийг гайхамшигтай мэдэрч түүнд тааруулан тоглодог IQ өндөртэй тамирчин байжээ. Түүнийг регбигийн хамгийн алдартай  "World Rugby” сэтгүүлээс “Бүх цаг үеийн хамгийн аугаа тоглогч” хэмээн нэрлэсэн байдаг. Мөн Английн алдартай “Телеграф” сонин бас 1960-1970-аад оны тамирчин түүнийг “Бүх цаг үеийн хамийн алдартай регбичин”-ээр тодруулсан.

13. Фёдор Емельяненко – тулааны спорт

“Сүүлчийн эзэн хаан” хочтой Фёдор Емельяненко бол магадгүй америк спортын /мэргэжлийн/ түүхэн дэх Оросын хамгийн алдартай тамирчин байх. Америкт түүнийг америк тамирчинтай тулалдаж байхад түүнээс олон дэмжигчид дэмжиж байдаг гэнэ.

Өдгөө 37 настай хүнд жинд тулалддаг Фёдорыг Оросоос Япон, Америкаас Бразил хүртэл  дэлхий даяар мэддэг. Тэр самбо, жүдо, холимог, тулаан, дүрэмгүй тулаан гэх мэт маш олон тулааны төрлөөр бүгдэд нь өндөр амжилт гаргасан универсал тамирчин. Мэргэжлийн спортод 39 тулаан хийж, 34 ялж 4 ялагдсан. Тэр 2012 онд зодог тайлсан юм.

12. Жек Никлаус (Jack Nicklaus) – гольф

Хувийн тоглолттой спортуудаас гольф бол онцлог. Учир нь бөх, бокс, дугуй, усан сэлэлт, хөнгөн атлетик гэх мэтийн спортыг бодвол биеийн болоод хүчний онцгой чадварыг  шаарддаггүй. Бусадтай өрсөлдөхгүй өөрөө өөртэйгөө өрсөлддөг гэж болно. Энэ спортоор ямар ч насны хүн амжилт гаргаж болно.

Орчин үед Тайгер Воодс, Рори Макилрое нарийн домогт тамирчид байгаа боловч 1960-1980-аад онд тоглож байсан Жек Никлаусийг энд онцолж байна.

Тэр маш олон рекорд тогтоон Мейжор чемпионшипийн аваргаар 10 удаа тодорч байжээ. Мөн өөр бусад тэмцээнд 33 удаа түрүүлж байжээ. PGA tour-д 73 удаа түрүүлснээр бүх цаг үед 3-рт ордог шилдэг гольфчин. Тухайн цаг үедээ үнэхээр “тасархай” тамирчин байжээ. Тэр түүхэн дэх хамгийн дээд амжилтыг тогтоон “Алтан баавгай” хэмээх алдрын эзнээр нэрлэгдэж байгаа.

11. Майкл Фелпс  (Micheal Phelpps) – усан сэлэлт

Майкл Фелпс бол орчин үеийн спортын түүхэн дэх, олимпийн түүхэн дэх хамгийн өндөр амжилтыг гаргаж, хамгийн олон медаль хүртсэн алдартай сэлэгч.

Түүний амжилтыг дурдахад, тэр олимпоос 26 медаль хүртсэн. Үүний 22 нь алтан медаль гэхээр ямар аугаа тамирчин бэ гэдэг нь харагдаж байгаа. Үүгээрээ олимпийн 100 гаруй жилийн түүхэнд хамгийн их, бас алтан медаль хүртсэн тамирчин болж байгаа. Мөн нэг олимпоос хамгийн олон алтан медаль /2008 онд 8 алт/ хүртсэн тамирчин. Түүнээс гадна Майкл ДАШТ-ээс 27 алтан медаль хүртэж, 39 удаа дэлхийн дээд амжилт тогтоосон. Сүүлийн 50 жилд хувийн төрлөөр хамгийн өндөр амжилт гаргасан тамирчин. “Рио-2016”   олимпоос одоогийн байдлаар 4 алтан медаль хүртээд байна.

10. Михаэль Шумахер (Michael Schumacher)- авто спорт

Дэлхийн “NASCAR”, “WRC”, “Moto GP” зэрэг алдартай авто, мото олон уралдааны хамгийн түрүүнд” Формула-1” бичигдэнэ.

Мэргэжлийн авто уралдааны хаан нь болох уралдаанд хамгийн олон түрүүлсэн хүн бол Германы тамирчин домогт Махаэль Шумахер билээ. Энэ спортын тамирчид теннис, гольфийхтой адил өндөр орлоготой байдаг.

Бүх цагийн үеийн хамгийн шилдэг нисгэгч Махаэль Шумахер “Формул-1”-д долоон удаа түрүүлсэн. Мөн нийтдээ 91 гараанд түрүүлсэн байдаг. Байрлал тогтоох гараанд 68 удаа тэргүүлсэн. Бүхий л цагийн үеийн түүхэнд спортоос хамгийн өндөр орлого олсон тамирчин буюу Майкл Жорданы дараа хоёрдугаарт 850 сая ам.долларын орлогоор бичигддэг.

9. Уэйн Гретцки (Wayne Gretzky) – хоккей

Канадын алдартай хоккейч Уэйн Гретцкий бол хоккейн түүхэн дэх бүх цаг үеийн хамгийн аугаа тамирчин. Тэр Хойд Америкийн мэргэжлийн дөрвөн том холбооны нэгт 20 жил тоглохдоо 4 удаа Стэнлин цом өргөж байжээ. “Аугаа ганц” нэрт Гретцкий NHL-ийн 61 рекорд тогтоосон тамирчин. Түүхэнд багийн спортод түүнээс илүү дээд амжилт тогтоосон тамирчин байдаггүй. Мөн “Хамгийн үнэ  цэнэтэй тоглогч”-оор 9 удаа шалгарч байсан.

Уэйн Гретцки шигшээ багтайгаа Канадын буюу Дэлхийн цомын 3 алт, 2 мөнгө, ДАШТ-ий хүрэл медаль хүртэж байсан.

8. Усэйн Болт (Usain Bolt) – хөнгөн атлетикийн богино зай

“Цахилгаан” хочит Усэйн Болт дэлхийн хамгийн хурдан хүн цолыг эзэмшээд удаж байна.

Тэр өмнөх үеийн Жесси Оуэн, Карл Льюс нарын домог болсон тамирчдаас дэлхийн хамгийн хурдан хүн хийгээд алдрыг нь өвлөн авч өнөө цагийн “Бурхан гүйгч” болж 100 мерт 9.58 секунд болон 200 метрт 19.19 секундээр дэлхийн дээд амжилтыг эзэмшиж байна.

Мөн хоёр олимп дараалан 100 болон 200 м-т түрүүлсэн цор ганц тамирчин болоод байгаа. Усайн Болт танхимд анх удаа 100 м-т 10 секунд дотор гүйсэн анхны тамирчин.

“Цахилгаан хүн” олимпийн 6, дэлхийн аваргын 8 алтан медальтай.

7. Дональд Брэдмен (Donald Bradman) – крикет

Крикет бол Их Британийн колони байсан орнуудад, ялангуяа өмнөд Азийн орнуудад хамгийн өндөр хөгжсөн номер 1 спорт юм.

Энэ спортын хамгийн аугаа тамирчин бол сэр хэргэмт “спортын бурхан” хочит Австралийн Доналд Брэдман юм. Тэр мэргэжлийн спортдоо тоглолт бүрт 99.94-ийн амжилт үзүүлдэг статистиктай гэнэ.

6. Роджер Федерер (Roger Federer) – теннис

Мэргэжлийн теннисний спорт бол дэлхийн хамгийн их орлого олдог спорт. Энэ талаараа гольфийг түүнтэй адилтгаж болно.

Теннисний спортод хамгийн олон түрүү, шагнал авсан эрэгтэй тамирчин бол “Алтан цаг”, “Швейцар цаг” хочит Рожер Федерер юм. 

Өнөө үед алдар хүндээрээ Рафаэль Надал, Новак Жокович хоёр л зэрэгцэнэ. Өмнөх үед Пит Сампрас, Бьорн Борг,  Род Лейвер нарын алдартай тамирчид байсан боловч амжилтаараа Рожер тэднийг давсан.

Рожер Их дуулгын тэмцээний шигшээд 25 удаа үлдэж, 17 удаа түрүүлсэн бөгөөд 302 долоо хоног /үүний 237 долоо хоног нь дараалсан/ номер 1 гэсэн алдрыг эзэмшиж байсан. Энэ спортоос 85 сая гаруй ам.долларын шагнал авсан зэргээрээ бүх цагийн үеийн хамгийн аугаа теннисчнээр тодорсон.

5. Мохаммед Али (Muhammad Ali) – бокс

Боксын спортын түүхэнд алдартай, аугаа, ялагдаж үзээгүй, хамгийн их ашиг орлого олсон гээд олон арван тамирчид байдаг боловч тэр дундаас хамгийн алдартай хүн бол яах аргагүй Мухаммед Али юм.

Зарим хүн өмнөх зууны эхний хагаст байсан домогт тамирчин сонирхогчийн тулаанд 85 тоглож ганц ялагдаж үзээгүй, мэргэжилд 128 ялж, 1 ялагдаж, 2 тэнцсэн Шугар Рей Робинсонг хамгийн аугаа боксчин гэдэг. Нээрээ тухайн үедээ тийм амжилт үзүүлсэн  тамирчин ойр хавьд байгаагүй.

Мухаммд Али болохоор  Жо Луис шиг хамгийн олон удаа аваргаа хамгаалаагүй, Рокки Марчино шиг огт ялагдаагүй биш ч, Владимир Кличко шиг урт удаан хугацаанд аварга байгаагүй, Оскар де Ла Хойя, Флойд Мейвейдэр нар шиг хамгийн их мөнгө аваагүй ч тэр бол боксын домог.

1960 оны олимпийн аварга, хүнд жингийн боксын дэлхийн 3 удаагийн аварга Али боксын замналдаа 61 тоглож, 56 ялж, 5 ялагдсан хүн.

Боксын ертөнцөд алдартай байхаас гадна улс төр, нийгмийн амьдралд алдартай байсан. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг цогтой тэмцсэн. Вьетнамд явуулж буй АНУ-ын түрэмгийллийг эсэргүүцэж цэрэгт явахаас татгалзсан гээд дуулиан шуугиан ихтэй түүхэн хүн. Тэрбээр энэ жил 74 насандаа таалал төгссөн юм.

4. Александр Карелин – бөхийн спорт

Бөхийн спортын олон төрлүүд дотроос хамгийн өндөр амжилт үзүүлсэн аугаа тамирин бол ЗХУ-ын домогт бөх Александр Карелин билээ.

Сонгомол бөхийн төрлөөр олимпийн 3, ДАШТ-ий 9 удаагийн, Европын 10 удаагийн аварга маань анх 18 настайдаа Сөүлийн олимпид түрүүлснээс хойш 2000 он хүртэл 13 жилийн турш ганц ч ялагдаагүй босоо бөх байсан билээ.

Билээ гэдгийн учир нь тэр бөхийн төрлүүдээс хамгийн анх удаа 4 дэх олимпдоо түрүүлэх гээд 2000 оны олимпийн шигшээд Америкийн залуу бөхөд шинэ дүрмийн өөрчлөлтөөр өөрөө оноо “бэлэглээд” цор ганц удаа ялагдаж, мөнгөн медаль хүртсэн юм. Харин дотооддоо бас нэг ялагдсан байдаг.

Сибирийн “Орос баавгай” нийт 887 удаа ялалт байгуулсан, 6 жилийн турш ганц ч оноо алдаагүй гэсэн бахдам сайхан үзүүлэлттэй.

Тэр бусдаас тасархай тамирчин байсан гэдэг нь 1996 оны олимпид мэс заслийн дараахан бэртэлттэй барилдаад түрүүлж байснаар харагддаг. Карелин XX зууны шилдэг 25 тамирчны нэг.

3. Бейб Рут (Babe Rut) – бейсбол

 Бейсбол, футбол хоёр бол Америкийн хамгийн алдар хүндтэй спорт юм. Энэ хоёр спортын тамирчид хамгийн алдартай байдаг.

Бэйсболын домог болсон тамирчин бол 1914-1935 оны хооронд  22  улирал тоглож байсан “Бамбино” хочит Бейб Рут юм.

Түүний амжилтыг дурдвал, Бүх оддын тоглолтын 2, Дэлхийн аваргын цувралын 7,  Лигийг   12 удаа тэргүүлсэн гэх мэт олон тэмцээний аварга тамирчин юм. Тэр бейсболын спортын хамгийн анхны супер од байжээ. “Спорт ньюс” сонины хамгийн шилдэг 100 бейсболчны жагсаалтын нэгдүгээрт , мөн дэлхийн хамгийн шилдэг 100 тамирчинд орсон, XX зууны Хойд Америкийн хамгийн шилдэг тамирчин зэрэг алдрыг хүртсэн домог болсон хүн.

2. Майкл Жордан /Micheal Jordan/– сагсан бөмбөг

“Нисдэг” Майкл Жорданы талаар ярих нь бараг илүүц биз. Тиймээс амжилт статистик үзүүлэлтээс нь дурдъя. НБА-гийн 6 удаагийн аварга, шигшээ тоглолтын 6 удаагийн “Шилдэг тоглогч” , Бүх оддын тоглолтод 10 удаа оролцсон.

Дунджаар нэг тоглолтод 30.12, шигшээд 33.45 оноо дундчилдаг. Мөн олимпийн 2 удаагийн аварга. Багийнхаа цалингийн сангийн бараг талыг ганцаар авдаг. Тэр сагсан бөмбөг, НБА-г дэлхийд алдаршуулсан домогт хүн.

1. Диего Марадона (Diego Maradona) – хөл бөмбөг

 Дэлхийн хамгийн алдартай спорт бол яах аргагүй хөл бөмбөг.  

Дэлхийн аваргын шигшээд хүч үзсэн Герман, Аргентиний тоглолтыг тэрбум хүн үзсэн нь Хойд Америкийн шилдэг лигүүд болох хөл бөмбөгийн Super Bowl, сагсан бөмбөгийн NBA Finals, гольфийн World Series, бэйсболын “Major League Baseball”,  Хоккейн “Stanley Cup”-ийн шигшээ тоглолтыг үзсэн үзэгчдийн нийлбэрээс хоёр дахин их тоо юм.

Тэгвэл хөл бөмбөгийн хамгийн алдартай хүн бүх спортын хамгийн алдартай хүн байх нь аргагүй. Энэ хүн бол Пеле биш Диего Армандо Марадона гэх Аргентиний “бурхан” болсон хүн юм.

Энэ сайн, муугийн дуулианы эзнийг дэлхий андахгүй. Марадонна /55.6 хувь/ интернэт асуулгаар Пелег /18.53 хувь/ давж дэлхийн хамгийн алдартай хөл бөмбөгчин болсон. 1986 онд Дэлхийн аварга болохдоо бараг л “ганцаараа” тоглоод аварга болгосон гэдэг. Түүнийг алдартай хүн болоход “Бурханы гар” хэмээх гоол нь нөлөөлжээ.

 

Нийтэлсэн: Б.Назкеш

Түүхэн дэх хамгийн шилдэг 25 тамирчин  
Үзсэн: 16068 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Энхариун [27.123.214.xxx] 2018-05-25 17:29
Үнэхээр гайхалтай
Зочин [66.181.161.xxx] 2018-03-04 10:54
1958,1962,1970 онуудад Пеле Бразилыг дэлхийн аварга болгоход хөтөлсөн. 1366 тоглолтод оролцож 1282 гоол хийж байсан.Тэр үедээ дэлхийн шилдэг хөлбөмбөгчин цолыг өгөдгүй байсан.
Зочин [121.173.14.xxx] 2016-08-19 19:32
neg hunii l bodol bh shig bn
ПП [203.91.115.xxx] 2016-08-16 18:12
1976+1980 3 ОЛЙMП БОЛСОН НЬ ГАЙХАMШЙГ БЙЧЙГЧЭЭ
зочин [103.57.92.xxx] 2016-08-13 11:46
Тэнгис кинотеатрын хойно, засвар хийсэн, гал зуух тусдаа 1 өрөө байрыг удаан хугацаагаар хөлслүүлнэ. 88229121
Зочин [202.126.89.xxx] 2016-08-13 08:13
ALDART PELE XAANA YAVNA AA? HUNGARIIN ALDART BOXCHIN LASLO PAP GEJ SONIRXOGCHIIN BOX-IIN OLIMP, DELXIIN OLON UDAAGIIN AVARGA BAS BII
ikh medegch [175.204.176.xxx] 2016-08-12 21:24
Domog bolson khul bumbugiin khaan maani khaana bnaaaaaa
Зочин [203.91.118.xxx] 2016-08-12 20:41
марадона яах аргаггүй од
Зочин [73.128.168.xxx] 2016-08-12 19:56
Hudlaa yum orchuulj tavihaaa boli
Зочин [27.124.189.xxx] 2016-08-14 00:39
Tubshinbayariin tuhai bol yariagui bn.end delhiin 100 jiliin tuhaid yarij bn
Зочин [202.170.80.xxx] 2017-01-24 13:03
pele yachiv
Зочин [103.26.195.xxx] 2016-08-12 19:10
гимнастикч Николай Андрианов 1976-1980 онуудад 3 олимпод орсон гэнээ??? ха ха Назкеш биш Наазгай сэтгүүлч юмаа.
yagaad [202.70.34.xxx] 2016-08-12 17:40
yagaad bugdengiih ni zurgiig oruulaagui ym be

Бидэнтэй нэгдээрэй