Шууд Chart

Рио 2016: Эрэгтэйчүүдийн сонгомол бөхийн 59 кг жингийн медалийн эзэд тодорлоо

2016-08-15 06:10:03

Риогийн олимпийн эрэгтэйчүүдийн сонгомол бөхийн 59, 75 кг-ын жин болж байна. Дөнгөж сая 59 кг-ын жингийн барилдаанууд өндөрлөж, медалийн эзэд тодорлоо. Тодруулбал, алтан медалийг  Куб улсын  тамирчин Исмайл Борреро Молина хүртсэн бөгөөд тэрбээр өнгөрсөн жил ДАШТ-ээс алтан медаль хүртэж байсан бол өнөөдөр ийнхүү сонгомол бөхийн олимпийн аварга хэмээх алдарын эзэн боллоо.

Харин мөнгөн медалийг Япон улсын тамирчин Шимобу Ота хүртлээ. Энэ нь түүний хувьд олимпийн анхны медаль юм. Хүрэл медалийг Узбекстаны тамирчин Елмурат Тасмуратов, Норвегийн тамирчин Андрей Берг Штиг нар хүртлээ.

Бөхийн сонгомол барилдаан бол орчин цагийн Олимпийн наадамд багтсан анхны спортын төрлүүдийн нэг юм. 1896 онд Грекийн Афин хотноо болсон орчин цагийн Зуны Олимпийн анхдугаар наадамд сонгомол бөхийн төрөл багтсан байдаг.

Сонгомол бөх чөлөөт бөхөөс ялгаатай нь барилдааны явцад ямар нэгэн байдлаар хөл мэх хийх, хөл оролцох хориотой. Биеийн дээд хэсэг рүү довтолж барилдана. Өрсөлдөгч бөхөөсөө 8 оноо давуутай болсон тохиолдолд техникийн давуу ялалтыг авдаг бол шидэлт гүйцэтгэхдээ 5 оноо авсан тохиолдолд мөн ялалт авна. Харин шидэлт гүйцэтгээд 3 оноо хоёр удаа авсан тохиолдолд мөн барилдааныг дуусгана.

Сонирхуулахад Монгол Улсаас сонгомол бөхийн төрлөөр 1972 оны Мюнхений Олимпийн наадамд анх оролцож байжээ. Тус Олимпийн сонгомол бөхийн төрөлд МУГТ О.Энхтайван, МУГТ, Ардын багш Ч.Дамдиншарав, улсын заан Д.Мягмар, Ж.Мөнх-Очир нар оролцсон. Харин 1980 оны Москвагийн Олимпийн наадамд чөлөөт бөхийн ДАШТ-ний хошой мөнгөн медальт, МУГТ Б.Болд сонгомол бөхөөр шагналт 5-р байранд шалгарсан нь Монголын тамирчдын үзүүлсэн хамгийн өндөр амжилт юм.

Нийтэлсэн: Б.Назкеш

Рио 2016: Эрэгтэйчүүдийн сонгомол бөхийн 59 кг жингийн медалийн эзэд тодорлоо  
Үзсэн: 984 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй