Шууд Chart

Цөмийн туршилтын хохирогчдыг эргэн дурсаж, энх тайвны хонх цохив

2016-08-29 15:19:47

“Олон улсын цөмийн туршилтын эсрэг тэмцлийн өдөр” өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан Казахстан улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Зүүнхүрээ Дашчойлон хийдэд хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа.

2009 онд Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч Н.Назарбаевын санаачилгаар энэ өдрийг “Олон улсын цөмийн туршилтын эсрэг тэмцлийн өдөр” хэмээн зарласан билээ.

Тухайн үед Казахстаны Ерөнхийлөгчийн энэхүү санаачилгыг Армен, Беларусь, Бразиль, Катар, Киргиз, Монгол, Арабын Нэгдсэн Эмират улс, Тажикстан, Туркменистан, Япон зэрэг улс дэмжиж байсан.

Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч Н.Назарбаев 25 жилийн өмнөх энэ өдөр 500 мянга гаруй хүнд хохирол учруулсан, хор уршиг нь одоо хүртэл арилаагүй Семейн цөмийн туршилтыг зогсоох тухай зарлиг  гаргасан.

1949 оноос эхлэн 42 жилийн турш үргэлжилсэн туршилт 18 сая га газарт хийгдэж байсан. Агаарт, газарт, газар дор нийт 456 дэлбэрэлт болжээ. Туршилт хийгдэж эхэлсэн эхний жилүүдэд гэхэд л шинээр мэндэлсэн хүүхдийн 85 хувь нь зулбаж, амьд үлдсэн нярайн дунд эсэн мэнд, эрүүл саруул хүүхэд нэг ч байгаагүй гэдэг.

Энэхүү харгис үйл ажиллагааг зогсоох санаачилга гарган, дэмжлэг авснаа эргэн дурсаж, хохирогчдод хүндэтгэл үзүүлж, өнөөдөр нэг минут дуугүй зогслоо. Үргэлжлүүлэн шашны тэргүүнүүд мөргөл үйлдэж, энх тайвны хонх цохив.

Олон улсын цөмийн туршилтын эсрэг тэмцлийн өдрийг манай улс дөрөв дэх жилдээ тэмдэглэлээ.

 

Нийтэлсэн: Б.Назкеш

Цөмийн туршилтын хохирогчдыг эргэн дурсаж, энх тайвны хонх цохив   
Үзсэн: 1304 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй