Шууд Chart

Сэтгэл зүрхний бичлэг

2016-08-30 11:29:20

“Сэтгэл зүрхний бичлэг” номыг би сэтгэл зүрхнээсээ хүндэлж явдаг Монголын телевизийнхэндээ зориулж бичсэнсэн. Тасран унаж байгаа намрын навчис шиг хэсэг хуудас нь урагдаад л явчих юм. Очирваань хайрхан шигээ нуруутай, Завхан голын ундарга шигээ дундаршгүй авьяастай нутгийн минь ах холын холд явчихлаа. Амьд сэрүүндээ хүүрнэсэн амин халуун яриаг нь хүргэе .

Тавдугаар ангидаа 400 төгрөгийн цалинтай зураач явлаа

“Хүн болж, мэлмий нээгээд амьсгалсан агаар, анх харсан нутаг нуга, амталсан рашаан ус нь төрсөн биеийн төөргийг олгодог байж магадгүй. Ууланд төрсөн найрагч уулаа, усанд өссөн дуучин ус мөрнөө магтан дуулдаг ёсон бий. Цасан манан дунд саравчилсан Очирваань хайрханы барааг харж, бидэртэн шаргих Завхан голын усаар угаагдаж, ойт цармын агаараар амьсгалж, хуйвтай шилбүүр барьж, хурга, тугалтай наадаж өсөхдөө билгийн нүдийг олж, ертөнц байгалийн цаглашгүй түмэн өнгө, өнгийн буман эгшиглэн гэрлийн хурдыг шингээж авсан азтай аавын хөвгүүдийн нэг нь Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Радио телевизийн тэргүүний ажилтан Жамьяангийн Вандандорж юм”  гэж Төрийн соёрхолт, зохиолч Далхаагийн Норов зураач Вандангийн тухай өгүүлсэн нь бий.   

-Тантай уулзах гэж олон удаа ирлээ. Өнгө будаг, харандаа бийртэй сэтгэл санаа тань сүлэлдээд надтай ярилцах завгүй байх юм. “Болор цом”-ын маргааш уулзаж байна даа?

-Энэ хэдэн будаг, энэ хэдэн зурааснаас түр салаад жаахан амсхийж сууна. Би 12 дахь жилдээ Эгшиглэнт эх буюу Янжинлхам бурхныг зурж жил жилийн манлай найрагчдын хойморт залдаг юм. Миний бүтээл Б.Лхагвасүрэн,  Ц.Бавуудорж, Г.Мөнхцэцэг, А.Эрдэнэ-Очир гээд Монголын хийморьтой, золбоотой олон найрагчдын сэтгэлийн шүтээн болж явдаг болов уу. Тийм болохоор би бүтэн долоо хоног сэтгэлээ ариусгаж, чинхүү сэтгэлийн бүтээлийг гаргах гэж хүсэл бодол, оюун ухаанаа нэрж шингээдэг юм. Манай аав Нарванчин хийдийн бурханч лам байсан юм билээ.  

-Та одоогоор бол гоц авьяастай хүүхэд байжээ. Тавдугаар ангиасаа Дүрслэх урлагийн газар зураачаар ажиллаж эхэлсэн гэдэг ?

-“Дээлээ даахгүй” бяцхан амьтан явахад минь Завхан аймгийн Намын хорооны товчооны гишүүд шалгаж үзээд 400 төгрөгийн цалинтай зураачийн ажилд томилсон юм. Аав маань эрт бурхан болчихсон, ээж хэдэн өнчин дүү нартаа гайгүй нэмэр болж байлаа. Тэр үеийн 400 төгрөг том мөнгө шүү дээ.  

-Таныг сайн зураачаас гадна сайн тамирчин, Тэшүүрийн спортын мастер гэж сонссон . Завхан, Чигэстэй, Яруу, Богдын голын толигор мөс таныг тэшүүрийн спорт руу оруулчихав уу ?

-Спорт, урлагт од шиг гялалзаж, оргилж дэвэрч явах үе гэж бий. 1959 онд МБТС-ын Төв зөвлөлийн тэшүүрийн улсын шигшээ багт Завхан аймгаас татагдаж ирсэн Спортын гавьяат мастер Л.Зундуй-Ёндон нарын нэртэй тамирчдын эгнээнд орсон юм. Нас залуу, бэлтгэл сайн, хүч ихтэй Дашням мастертай зуузай холбох тохиол цөөнгүй байсан. 1972 онд Японы Саппоро хотод болсон өвлийн олимпод явах болзлыг хангачихсан байлаа. Гэтэл “Чи залуу хүн. Чамд олон удаа явах боломж бий. Цэнд, Дашням нар арай туршлагатай” гээд удирдлага маань үзсэн юм. Явах үедээ яваагүй болохоор аз харьчихав уу гэж одоо ч харамсч боддог шүү. Харин намайг ЗХУ-д багш, дасгалжуулагчийн сургуульд суралц” гэж удирдлага маань хэлж байсан. Тэр үед МБТС-ын Төв зөвлөлийн орлогч дарга Цэрэндаш гэж үнэн үгтэй, чанд хатуу юм шиг атлаа тамирчдаа хайрлаж чаддаг, эцэг шиг минь өмөг түшигтэй нэгэн байлаа. Нэг өглөө Цэрэндаш гуай тамирчдын цуглаан дээр бөхчүүдэд хандаж “Өөрийнхөө дэвжээн дээр арслан барс шиг, хүний дэвжээн дээр үхсэн хулгана шиг байхаа боль” гэж хэлсэн чинь З.Ойдов дэлхийн хоёр удаагийн аварга шүү дээ “Эсвэл амжилт гаргая, эс чадваас нутагтаа очиж хэдэн адуугаа хөөе” гэж хэлж байсныг бодоход ёстой л орой руу нь ортол хэлдэг хүн байж гэж боддог юм. Нэг өдөр Цэрэндаш гуай намайг дуудаж уулзаад “Чи яагаад хойшоо сургуульд явсангүй вэ” гэж асуусан. “Би зураач удамтай, зураач хүн. Зургаа л зуръя” гэсэн. Үнэндээ ч тамирчны бэлтгэлийн хажуугаар зураг зурна гэдэг ёстой барахгүй ажил байлаа. Цэрэндаш гуай намайг нэг сүрхий харснаа “Хойно сургууль төгсөж ирээд чадах чадахгүй хэдэн хүнтэй мунгинаж байхаар зургаа зур. Нэг сайхан уран бүтээлч төрөх ч юм бил үү” гэсэн. Ингэж би спортоос ялимгүй хөндийрсөн ч сэтгэл маань тун ойр явдаг юм даа.

-Бас сонин тохиолдлоор телевизийн босгыг давсан гэдэг?

-МРТУХ-ны боловсон хүчин Ёндонсамбуу  гуайтай ирж уулзахад “За хө, орон тоо бий нь бий. Чухам ямархуу зураач гэдгийг тань шалгана” гэсэн. МРТУХ-оос эхлээд МОНЦАМЭ , радио, телевиз, санхүү, нам, үйлдвэрчний эвлэл гээд 20 гаруй газрын тамга гараар хийлгэж, шалгалт авсан юмдаг. Тэгээд Ёндонсамбуу гуай Телевизийн зургийн тасгийн дарга Гоош руу ярьж “Энэ хүнийг шалгаж үз. Тэнцвэл ав, миний хувьд боломжтой санагдлаа” гэсэн. Ингэж л би 1967 онд Т.Гоош даргатай монгол зургийн мастер Ц.Даваахүү, зураач, яруу найрагч Д.Банзрагч, зураач П.Чулуунбаатар нарын туршлагатай, авьяастай хамт олны дунд орж, телевиз гэдэг энэ их айлын өндөр босгыг давсан юм.

-Телевизийн зураачийн ажил их өвөрмөц дөө ?  

-Ямар орон зайд, ямар өнцөг булангаас, яаж дурангаар харах, үзэгчдийг хаана суулгахаас телевизийн зураачийн ажил эхэлдэг. Ард нь ямар ч өнгө будаггүй, тайзгүй нэвтрүүлэг байна гэхэд хэцүү шүү дээ. Энэ компьютер, цахим орон зай гээч юм байхгүй байхад бид чинь нэвтрүүлгийн гарчгаас эхлээд төгсгөлийн нэрсийг хүртэл гараар бичиж байлаа.  Цэрэнпил, М.Цэдэв, яруу найрагч Банзрагч, тэгээд намайг шилдэг уран бичээчийн тоонд оруулдаг байсан хамт олондоо баярлаж явдаг. Найруулагч Бадрах, Бадарууган, Д.Жаргал, Даваадорж, УГЗ Алтанхуяг, шүүмжлэгч, судлаач Ч.Билэгсайхан, Т.Очирхүү, Ш.Сүрэнжав, Д.Гармаа, М.Цэдэндорж, Г.Мэнд-Ооёо, шог зохиолч Ж.Барамсай, Шийтэр, Туваанжав, Ө.Нарангэрэл, Ш.Гүрбазар, Г.Золжаргал, Т.Машбат, Д.Жаргал, Ю.Эрдэнэтуяа гээд телевизийн ажлыг үүрсэн үе үеийн төлөөллийн дунд өсөж, төлөвшин хүмүүжсэндээ баярлаж явдаг.   

Нэвтрүүлгийн төгсгөл, гарчгийн гар бичвэрээс эхлээд “Цэнхэр дэлгэц”, “Бүсгүйчүүд” , “Баярын мишээл”, Монгол хүн сансарт ниссэн түүхэн үйл явдлын үеэр 35 мм-ийн тайзны арын дэлгэцийг ч тэр хийж явсан. Телевизийн зураач, оёдолчин, мужаан, тайз засалчийн ажлыг үзэгчид бүү хэл, мэргэжлийн хүн ойлгохгүй тохиолдол бий. Зарим талдаа хүний оюун ухаан, ур чадвар, мэдлэг туршлага шаарддаг телевизийн бичвэр, чимэглэлийн нарийн ажлыг цахимаар биш, хүний алтан санаа, хөнгөн бийрийн үзүүрээр хөших нь илүү үр дүнтэй ч байж болох гэж хашир зураач ярьсан. Жамьяангийн Вандандорж тэшүүрийн спортын мастер, алт, мөнгө, хүрэл 30 гаруй медальтай. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Засгийн газрын хүндэт жуухын  эзэн, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой, Радио, телевизийн тэргүүний ажилтан энгүй их авьяастай, энгийн сайхан энэ хүн телевизийнхээ урт хонгилоор үс гэзгээ намируулан, энэ ч нэвтрүүлэг, тэр ч тайз гэсээр аядуу намуухан алхаж явах.  Уран бүтээлийн үзэсгэлэнгээ өдөр болгон үзэгчээр үнэлүүлдэг телевизийн зураач амаргүй л ажил даа.                     

Сэтгүүлч Пэрэнлэйн Алтанцэцэг 2008 он. Эрхэм ахаас минь ийм нэгэн яриа л үлдэж. Ум мааний баднихум.

 

Нийтэлсэн: П.Алтанцэцэг

Сэтгэл зүрхний бичлэг  
Үзсэн: 3711 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй