Шууд Chart

Хүнд хэлбэрийн иод дутлын улмаас хүүхэд "тэнэгрэл" өвчин тусдаг

2016-09-07 10:21:14

Дэлхийн хүн амын 30 хувь хөрс, усан дахь иодын агууламж багатай бүс нутагт амьдарч байгаа бөгөөд хоёр тэрбум гаруй хүн иодын дуталд өртөх эрсдэлтэй байна. Монгол Улсын газар нутгийн 80 гаруй хувь иодын дуталтай бүсэд хамрагддаг. Далай тэнгисээс алслагдсан уулархаг нутгийн хөрс, усан дахь иодын агууламж бага байдаг нь тухайн орон нутгийн хүн, мал амьтан иодын дуталд өртөх үндсэн шалтгаан болдог байна.

Хүний бие махбод хоол хүнсээр авсан иодыг бамбай булчирхайн даавар боловсруулахад ашигладаг. Хэрэв хоол, хүнсээр авах иод хангалтгүй байвал бамбай булчирхайн дааврын дутагдал үүсч, хүний бие махбодын хэвийн үйл ажиллагаа алдагддаг байна.

                                                                                                                                                     

Иодын агууламж багатай хөрсөнд ургасан ургамлаар хооллож, усаар нь ундалж амьдардаг хүн, мал, амьтны хоол хүнсээр авах иодын хэмжээ хангалтгүй байдаг тул иод дутлын эмгэг үүсдэг аж. Иод дутлын эмгэгийн хор уршиг нь  хүний амьдралын бүхий л үе шатанд илэрдэг. Үүнд:

  1. Эхийн хэвлийд байх үе буюу ургийн үе 

Амьдрах чадвар муудах

Тархи, мэдрэлийн эрхтэний хөгжил саатах

Ураг зулбах

Дутуу эсвэл амьгүй төрөх

Жин багатай хүүхэд төрөх

  1. Хүүхэд нас

Бамбай булчирхай томрох (бахлуур)

Оюун ухаан хомсдол, тэнэгрэл

Сэтгэхүйн хөгжилт хоцрох

Сонсгол хэл ярианы согог илрэх (хэлгүй, дүлий)

Биеийн гажиг хөгжил

Хөдөлгөөний эрхтэн саажих

Өсөлт хөгжил хоцрох (намхан хүүхэд)

Одойрох (одой хүн)

  1. Насанд хүрсэн хүн

Бамбай булчирхай томрох (бахлуур), зангилаат бахлуур үүсэх

Бамбайн дааврын үйлчлэл хүртдэг эрхтэн болох зүрх, тархи, элэг, бөөр, булчингийн үйл ажиллагааны хямрал

Хүний биеийн дулааны зохицуулга алдагдах, даарамтгай болох

Хүний оюун ухааны чадамжийн түвшин дунджаар 90-110 хувь байдаг. Иодын дутал нь хүний бие бялдар, оюун ухааны хөгжилд сөргөөр нөлөөлж, оюуны чадамж (IQ)-ийг 10-15 хувь бууруулдаг. Өөрөөр хэлбэл, сэтгэн бодох, суралцах чадвар буурч ялангуяа, хүний амьдралын хамгийн эрчимтэй өсөлт явагддаг ургийн үе болон хүүхэд насанд иодын дуталд өртвөл тархи, мэдрэлийн эрхтний өсөлт хөгжилт саатаж, улмаар оюун ухааны чадамж бууран амжилттай суралцах, өндөр боловсрол эзэмших боломжоо алддаг байна. Хүнд хэлбэрийн иод дутлын улмаас хүүхдийн уураг тархи, яс, булчингийн хөгжил саатаж, “тэнэгрэл” буюу оюун ухааны хомсдолтой, өсөлт хоцролттой (намхан) эсвэл одой хүн болдог.

Дэлхий нийтээрээ 1960-аад оноос хойш “Хүнсний давсыг иоджуулан хэрэглэж, иод дутлаас сэргийлэх стратеги”-ийг хэрэгжүүлж “Иод дутлын эмгэгийг устгах” зорилт тавьсан билээ.

Өнөөгийн байдлаар манай улс олон улсын байгууллагын дэмжлэгээр “Иод дутлын эмгэг”-ийн тархалтыг амжилттай бууруулсан орны тоонд зүй ёсоор орж байна. Эрүүл мэндийн яамны шийдвэрээр Иод дутлын эмгэгийн тархалтыг 1992-1995 онд анхлан судалж, бамбай булчирхайн томролт буюу бахлуур нийт хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд 29.2 хувь, Хангайн өндөр уулархаг бүсийн зарим аймгийн хүн амын 36.8-55.9 хувь нь бахлууртай буюу “Хүнд” зэргийн тархалттай байсан юм.

Манай улс давс иоджуулж, иод дутлаас сэргийлэх дэлхий нийтийн зорилтод нэгдэн орж “Иод дутлаас сэргийлэх зорилгоор хамгийн найдвартай, хямд төсөр арга” болох “Хүнсний давсыг иоджуулан хэрэглэж, иод дутлаас сэргийлэх стратеги”-ийг амжилттай хэрэгжүүлж байна. Засгийн газрын тогтоолоор “Иод дутлын эмгэгтэй тэмцэх” хөтөлбөрийг 1996 онд баталж, хэрэгжүүлнээс хойш айл өрхийн иоджуулсан давсны хэрэглээ (Иоджуулсан давс хэрэглээ – 74,5%) тасралтгүй нэмэгдэхийн зэрэгцээ хүн амын дундах иод дутлын эмгэгийн тархалт 29.2 хувиас 7.3 хувь хүртэл буурсан юм.  

Нэмж мэдээлэхэд, Иод дутлын эмгэгтэй тэмцэх талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 6 дугаар тогтоолд заасны дагуу жил бүрийн есдүгээр сарын эхний долоо хоногийн амралтын өдрийг “Иод дутлын эмгэгтэй тэмцэх Үндэсний өдөр” болгон орон даяар тэмдэглэдэг.

Энэ жил 21 дэх жилдээ “Иод Дутлын Эмгэгтэй Тэмцэх Үндэсний Өдөр”-ийг тэмдэглэсэн.

Бэлтгэсэн: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын төв

 


Хүнд хэлбэрийн иод дутлын улмаас хүүхэд "тэнэгрэл" өвчин тусдаг  
Үзсэн: 2830 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй