Монгол Улс, Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2026” байлдааны буудлагатай хээрийн сургуулийн нээлтийн арга хэмжээ Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн Сургалтын төвд боллоо.
Сургуулийн нээлтийн ёслолд Монгол Улсын талаас Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба, Батлан хамгаалах яамны СБТГ-ын дарга бригадын генерал Э.Гансүх ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Б.Баатар, ОХУ-ын талаас Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хошууч генерал В.А.Белявский, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны цэргийн болон агаарын цэргийн атташе хошууч генерал хошууч генерал П.В.Петрунин, Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн Байлдааны бэлтгэлийн газрын хэлтсийн дарга хурандаа М.М.Никитин болон Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр нарын албаныхан оролцлоо.
Хээрийн сургуулийн нээлтийн ажиллагааг хоёр талын удирдагчид болох ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Ц.Төрмөнх, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч хошууч генерал В.А.Белявский нар удирдан зохион байгуулж, хамтарсан сургуульд оролцоход бэлэн болсон талаарх хоёр орны батальон захирагч нарын илтгэлийг хүлээн авснаар эхлүүлэв. Үргэлжлүүлэн хоёр улсын Төрийн далбаа болон "Сэлэнгэ" сургуулийн тугийг хүндэтгэлтэйгээр мандуулж, Монгол Улс, Оросын Холбооны Улсын Төрийн дууллыг эгшиглүүллээ.
Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба нээж хэлсэн үгэндээ "Сэлэнгэ" сургууль сүүлийн жилүүдэд хоёр орны цэрэг эрсийн халуун амиар тулж үлдээсэн өнөөдрийн энх цагийн эхлэл, дайчин нөхөрлөлийн гагнаас болсон зарим түүхт ойтой давхцаж буйг онцлон дурдав.
Тухайлбал, 2024 онд Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ойн хүрээнд Дорнод аймагт, 2025 онд Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Бурдун сургалтын төвд тус тус амжилттай зохион байгуулсан бол энэ удаа Монгол, Оросын найрамдлын бэлэг тэмдэг, хамтын бүтээн байгуулалт болсон Эрдэнэт хот үүсэн байгуулагдсан 50 жилийн ойн үеэр Орхон аймагт явагдах болсныг цохон тэмдэглэлээ.
Мөн тэрээр “Сэлэнгэ” сургуулийн түүхийг хамтдаа бүтээж, олон жилийн турш сэтгэл зүтгэлээ зориулж яваа эрхэм нөхөд болох дэслэгч генерал М.Я.Носулев, хошууч генерал В.А.Белявский, хурандаа И.С.Тараев нарт чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Энэхүү бат бөх нөхөрлөл, түншлэл нь хоёр орны Зэвсэгт хүчний харилцааг шинэ шатанд гаргахад тулгуур багана болж буйг дэд сайд үгийнхээ төгсгөлд онцоллоо
ОХУ-ын талын сургуулийн удирдагч хошууч генерал В.А.Белявский өнө эртний дайчин нөхөдтэйгөө “Сэлэнгэ-2026” сургуулийн хүрээнд Монголын сайхан тал нутагт дахин уулзаж байгааг онцлоод энэ удаагийн сургууль шинэчлэгдсэн хөтөлбөр, агуулгаар харилцан суралцахад чиглэн явагдаж байгааг хүндэт индрээс дурдлаа.
Нээлтэд олон сонирхолтой үзүүлбэр багтаасан байх агаад Орхон аймгийн "Эгшиглэн" соёлын ордны уран бүтээлчид мэндчилгээ дэвшүүлж, ОХУ-ын талаас сүүлийн үеийн зэвсэг, цэргийн техникийн үзэсгэлэнг дэлгэлээ.
Сургуульд Монгол Улсын талаас Зэвсэгт хүчний Хуурай замын цэрэг, Агаарын цэрэг, Тусгай хүчний цэргийн бүрэлдэхүүн оролцож байгаа бөгөөд үүний 90 орчим хувийг залуу бүрэлдэхүүн эзэлж байна.



| "Сэлэнгэ-2026” хамтарсан хээрийн сургууль эхэллээ | ||
| Үзсэн: 61 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.