Прокурорын байгууллага 2026 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах гэмт хэрэгт буруутгагдан яллагдагчаар татагдсан 206 хүнд холбогдох 139 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Нийслэл прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 7 дугаар сарын 20-27-ны өдрүүдэд 10 хүнд холбогдох 4 хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлж, шүүхээс 10 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 7 хүнд 1-8 жилийн хугацаагаар хорих ял, 3 хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулжээ.
Хэргийг тоймлон хүргэвэл:
- Г.У нь Бүгд Найрамдах Турк Улсаас төрсөн эхийн нэр дээр “Д...Карго” ачаа, тээврийн газраар дамжуулан 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан метамфетамин болон делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “шавар”, “мөс” гэх нэршилтэй, нийт 136.6 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад (хориглосон сэтгэцэт нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлэх) зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Г.У-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн түүнийг Интерполоор эрэн сурвалжилж, Киргиз Улсаас шилжүүлэн авчрахтай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас гаргасан зардал 20,7 сая төгрөгийг түүнээс гаргуулж, иргэний нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн.
- Э.Б нь 2025 оны 8 дугаар сард НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 2026 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд 2,823 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт (хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан) зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Э.Б-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.
- Б.М, З.Д нар нь бүлэглэн 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, 18,564 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар З.Д-ын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт (хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан) зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Б.М, З.Д нарыг бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.М-д 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, З.Д-д 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 16,6 сая төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.
-А.О нарын 6 хүнд холбогдох хэргийн талаар:
- А.О нь 2024 оны 9,12 дугаар саруудад НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч, хадгалсан, улмаар бусдад удаа дараа худалдсан;
- О.О, Х.Т нар нь бүлэглэн 2025 оны 3 дугаар сард НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй, 20.2 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдсан;
- Н.М, А.Т, Х.Д нар нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах) зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс А.О, Х.Т, О.О нарыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5-6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,
- Н.М, А.Т, Х.Д нарыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Н.М, Х.Д нарт 1-1,6 жилийн хугацаагаар хорих ял, А.Т-д 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн байна.
Иргэн танд
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ нь хүнийг өөртөө итгэлгүй, ганцаардмал, бухимдал ихтэй нэгэн болгож, нийгмээс тусгаарлаж, амьдралын үнэ цэнэ, утга учир, аз жаргалын мэдрэмжийг алдагдуулж, бусдыг хайрлах, энэрэх, өрөвдөх сэтгэлийг үгүй хийж, мансууруулах бодисоо олж авахын тулд юу ч хийхээс буцахгүй байдалд хүргэдэг.
Бидний гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, ах дүүс хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодист донтож, эрүүл мэнд, амь насаараа хохирч, амьдралаа алдахаас өмнө анхаарал халамжаа сайжруулж, түүний хор уршгийг таниулан сурталчилж, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлье.
| Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ | ||
| Үзсэн: 61 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.