
Элэгний С вирусыг эмчлэх "Харвони" эмийг манай улсад өнгөрөгч 2015 оны 12 дугаар сард оруулж ирж С вирусын халдвартай, эмчилгээ шаардлагатай гэж бүртгэгдсэн иргэдэд цахим жороор түгээж эхэлсэн.
Ингэхдээ өндөр хөгжилтэй улс оронд гурван сарын эмчилгээ нь 94000 ам.доллараар худалдаалагддаг уг эмийг манай улсад нэг сарын хэрэглээг 400 ам.доллар буюу гурван сарын эмчилгээг 1200 ам.долларын үнэтэйгээр худалдаалж байсан. Харин маргаашнаас эхлээд нэг сарын хэрэглээний эмийн үнийг 300 ам.доллар буюу 700 гаруй мянган төгрөгөөр худалдаалахаар тохирчээ. Өөрөөр хэлбэл, гурван сарын курс эмчилгээний төлбөр нь нь 900 доллар болж буй юм байна.
Тодруулбал, Засгийн газраас элэгний вирусыг устгах чиглэлд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон. Энэ ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр “Харвони” эмийг үйлдвэрлэгч АНУ-ын "Гилеад Сайнс" компанийн Ази, Номхон далай хариуцсан захирлыг хүлээн авч уулзсан. Уг уулзалтын үр дүнд эмийг дахин хямдруулах талаар ярилцаж, тохирсон аж.
"Харвони" эмийн эмчилгээнд одоогийн байдлаар 5000 гаруй хүн хамрагдаж байна. Эмч нарын хяналт судалгааны урьдчилсан тайлангаар эмчилгээний үр дүн 99 хувь байгаа ба эмчилгээнд хамрагдсан нийт өвчтөнүүдийн 10 хувьд толгой өвдөх, ядрах шинж илэрсэн нь уг эмийн олон улсын судалгааны үр дүнтэй нийцэж байна гэдгийг төлөөлөгчид хэллээ.
"Харвони" эмийн үнийг 300 ам.доллар болгожээ | ||
Үзсэн: 833 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.