Шууд Chart

Хүний “амь таслах”-д 50 мянган төгрөгийн үнэтэй юу

2016-11-01 11:20:55

Хүний амь таслахад 50 мянган төгрөгийн үнэтэй. “Хятад зулбаа” гэх эмийн хяналтгүй худалдаанаас болж хэдэн арван охид бие, эрүүл мэндээрээ хохирсоор байна.  Ганцхан хормын шийдвэрээс болж, “ээжээ” гэж дуудуулах үр зарим охидод хэзээ ч заяахгүй.

Баримт 1: 27 настай эмэгтэй А, БНХАУ-ын Эрээн хотоос үр зулбуулах эм захиалж уусан байна. Улмаар өнгөрсөн сарын 22-ны шөнө ухаан алдаж, яаралтай түргэн тусламжаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ирсэн байна.

Иргэн А ирсэн шөнөө шууд сэхээн амьдруулах тасагт хэвтжээ. Хэрэв эмнэлгийн тусламж авалгүй жаахан л удсан бол амиа алдах байсан гэж эмч нар хэллээ. Эмнэлэгт ирэхдээ их хэмжээний цус алдсан, саванд юм үлдсэн, дотор эрхтэн нь бүхэлдээ идээлсэн байжээ. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар яаралтай хагалгаа хийж түүний амь насыг аварсан ч “ээжээ” гэж дуудуулах “үр” түүнд хэзээ ч заяахгүй нь харамсалтай. Учир нь түүний сав, өндгөвчийг авсан байна.

-Би өөрийн ухаантай хэрнээ гишгэж чадахгүй байсан, ариун цэврийн өрөө рүү мөлхсөн. Эм ууснаа эгчдээ хэлэхээс өөр аргагүй болоод хэлтэл надад хэлэхгүй яав аа, эх нялхас явъя гэж би чамд хэлсэн биз дээ гэсэн. Удалгүй түргэний машин ирсэн. Би эх нялхаст ирэхдээ маш хүнд байсан, саванд юм үлдсэнээс болж дотор эрхтэн бүхэлдээ идээлсэн учраас яаралтай хагалгаанд орсон. Эмч нар ээжид хариу хэлсэн ч ээж надад тодорхой юм хэлээгүй. Би эгчээсээ асуутал: савыг нь авсан миний дүү битгий сэтгэлээр унаарай гэсэн. Би ээжээс энэ талаар асуутал савыг нь аваагүй миний охин гээд байгаа. Тэгэхдээ би 3 том хагалгаатай, 2 жижгээр нь миний идээг аваад 1 томоор нь миний савыг авсан байх гэж бодож байна. /уйлав...../

Түүний хувьд БНХАУ-д үйлдвэрлэсэн үр зулбуулдаг эмийг өнгөрсөн 9-р сард цахим сүлжээгээр худалдан авсан байна. Англи нэрээр Мезопростол, Хятадаар “ми суо цэнь лиэ чунь пиэн” нэртэй 6, 3-аар савласан нийт 9 ширхэг эм 4 өдөр дараалан уусны дараа бие нь муудан цус алдсан ч гэртээ 5 хоножээ.  

-Би энэ эмийг яаж авах вэ гээд чат руу орж бичсэний дараа дугаараа өгөөч гэсэн зурвас үл таних охиноос ирсэн. Би хариуд нь “Ви” чатаар холбогдох хүсэлт тавитал хүлээж авсан. Би чам руу мөнгө өгөх учраас яаж итгэх вэ гэсэн чинь охин болно оо санаа зоволтгүй гэж хариу өгсөн. Тэгээд эмээ явуулсан, би ч эмээ авсан даруйдаа мөнгөө явуулсан. Харахад нэг л хачин эрэгтэй миний уух эмийг авчирч өгсөн. Эхний өдөр 120, дараагийн удаа 120 нийт 240 мянган төгрөг явуулсан. Тэр охин надад хэлэхдээ: Би чамд эм уух заавар хэлж өгнө. Эхлээд 6 ширхэг хүрэн эмийг ууна. Энэ эмийг уухдаа нэг өдөрт 2-оор давхарлан 3 өдөр дараалан ууна, үүний дараа саарал өнгөтэй 3 ширхэг эмийг давхарлан 4 дэх өдрийн өглөө ууна. Энэ дарааллаар уусны дараа надад хариу хэлээрэй гэсэн юм. Охины хэлсэн заавраар эм уугаад маш их цус алдсан, охинтой холбоо тогтоох гээд чадаагүй. Учир нь цахимаар холбогдох ямар ч боломжгүй болсон байсан. Би тэр охинтой дахиж цахимд таараагүй, шууд л ор мөргүй алга болсон.

-Миний бие одоо л гайгүй болж байна. Сэхээнд байхад хүнд байсан. Охид эмэгтэйчүүддээ захиж хэлэхэд: эцэст нь өөрөө л зовдог юм байна, буруу сонголт хийвэл амьдрал чинь харанхуй болно, эмэгтэй хүн хүүхэдгүй байна гэдэг хэцүү. Өөрийн буруу бодол, үйлдлээс болж амьдралаа харанхуй болгочихлоо. Өөрөө л хүсэхгүй байвал эмнэлгээр яваарай, өөрсдөө дур мэдэн ийм сонголт бүү хийгээрэй, ээж, аавдаа заавал хэлээрэй, тэд та нарын дотны зөвлөх шүү гэж хэлмээр байна.  

            Түүний хувьд Мезопростол гэх эмийг хувь хүнээс, цахим хаягаар захиалж уусан. Энэ эм улаан өнгийн Хятад бичигтэй байсан байна. Гэтэл ийм Хятад бичигтэй эм Монгол Улсын эмийн бүртгэлд ороогүй. Ямар найрлага, үйлчилгээтэй гэдэг нь тодорхойгүй юм байна. МХЕГ-ын хэлтсийн дарга Баярболд.

            -Монгол Улсын эмийн бүртгэлд Мезопростол 2-3 хэлбэрээр бүртгэгдсэн байдаг. Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэгт эмээр үр зулбуулах ажилбар эмчийн хяналтад  хийгддэг. Харин гадуур зарж байгаа хятад бичигтэй эм Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй байгаа. Энэ утгаараа баталгаагүй, найдваргүй гэсэн үг. Эмийг улсын бүртгэлд бүртгэхдээ сав баглаа боодол, бусад оронд шинжилгээнд орж баталгаажсан байдал зэргийг харахаас гадна Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын харьяа лавлагаа Төв лабораторит заавал шинжлүүлж дүгнэлт гаргасны үндсэн дээр бүртгэдэг.

Бидний уулзсан иргэн А-тай адил хуурамч эм ууж, саваа авахуулсан 19, 20 насны олон охин байгааг эмч нар дуулгалаа. Энэ эмийг ихэвчлэн оюутнууд, охид түлхүү авч уудаг талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч хэлсэн юм.

-Энэ эмнээс болоод умайгаа авахуулсан олон охид байдаг. Үүнээс болж дахин жирэмслэхгүй байх олон сөрөг нөлөө байдаг. Эм уусны дараа  доошоо цус гарна, тэгээд л болоо гэсэн худал мэдээллээс болж энэ эмийг охи,  бүсгүйчүүд их хэрэглэж байна. Цаад зарж байгаа этгээд ч гэсэн ийм байдлаар тайлбарлаж, ойлгуулж байна. Хүн төрж байгаа учраас умай урагдахаас гадна доошоо цус гарсан байдалтай олон хоног явснаас болж саванд халдвар орж идээт халдвар бүх биеэр тархдаг. Үүнээс болж үжлээр нас барсан тохиолдол олон.                                

            Охид, эмэгтэйчүүдийн хувьд үр зулбуулах эмийг Хятад улсаас олон нийтийн сүлжээгээр захиалан авч уух тохиолдол гарч байна. Харин тэдний 80 орчим хувь нь “Нарантуул” захаас эм авч ууснаа хүлээн зөвшөөрсөн гэж эмч нар хэлсэн юм.                         

            Баримт 2:  13 настай охинд ээж нь “Нарантуул” захаас үр зулбуулах эм авч уулгасан байна. Тэрбээр энэ оны 9 сарын 28-нд бие нь муудаж, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн. 

                       Энэ тухай бид “Баримт” нэвтрүүлгийн өмнөх дугаараар хүргэж байсан. Охины хувьд эмнэлэгт хандаж жирэмсэн гэдгээ мэдсэн даруй ээждээ хэлсэн. Харин ээж нь эгчээр нь дамжуулж, “Нарантуул” захаас үр зулбуулах эм авч охинд уулгасан байна. Нэрээ нууцлахыг хүссэн албаны эх сурвалжийн яриаг хүргэе.

                       -13 настай, жирэмсэн, наймдугаар ангийн сурагч, 13-14 долоон хоногтой жирэмсэн ирсэн. “Нарантуул” захаас ээж нь эгчээр нь дамжуулж эм аваад уулгачихсан байсан. Ээжийн үгэнд ороод уучихсан, ээж уу, уу гээд уусан, доошоо цус гараад байна гэсэн чинь одоо хүүхэд чинь зулбаж байгаа дахиж уух уу гэсэн санал надад тавьсан гэж охин надад хэлж байсан.

                        Хаана, хэзээ, хэн, яаж үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, тэр битгий хэл “нэрийг” нь ч мэдэхгүй үр зулбуулдаг эм хулгайгаар зардаг гэх мэдээллийн мөрөөр “Нарантуул” захыг зорилоо. Захаас тэднийг олоход хэцүү болов уу гэсэн бодол бээлий, ороолт зардаг 30 гаруй насны н.Мөрөнтэй уулзахад үгүй болсон юм. Бид түүнд сэтгүүлч гэдгээ хэлээгүй, ирсэн учир явдлаа хэлтэл Энхүүш гэх эмэгтэйг зааж өглөө.

                        -Зулбуулдаг эм хаагуур зардаг юм болоо, чигээрээ доошоо явахаар хүүхдийн хувцасны Энхүүш гэдэг эмэгтэй байгаа. Мөрөн явуулсан гэж хэлээрэй, миний нэрийг хэлэхээр үр зулбуулдаг эмийг 50- 45 мянгад өгчих байх.

                        -Энхүүш гэж хүн мөн үү? Би байна. Мөрөн явуулсан юм. Эм авах гэсэн юм, эм бий юу? Байгаа манай найзад бий, дотроо сайн, муу гэсэн 2 янз байдаг. Норовоод байгаа утас нь холбогдохгүй байна, эгч нь заагаад өгье.  

“Ураг зулбуулдаг эм”-ийг “Нарантуул” захад зарсаар байгаа баримтыг сая та бүхэн дууллаа. Бид үр зулбуулах эм нууцаар зардаг 5-6 хүнтэй таарсан. Тэд өнөөдөр ч гэсэн “эм” зарахаар “Нарантуул” захад холхиж явааг үгүйсгэх аргагүй. Энэ бол үр зулбуулах эмийн худалдаа хяналтгүй байгаа тод жишээ. “Хор” зарж байгаа эдгээр хүмүүстэй цаг алдалгүй тэмцэх шаардлагатай гэдгийг эмч нар хэлсээр байна.

Тэгвэл хууль хяналтын байгууллага ямар арга хэмжээ авч байна вэ, тэд юу хийсэн бэ, яагаад ийм худалдааг таслан зогсоохгүй байна вэ энэ мэт олон асуулт урган гарсаар л байна.  Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн 14-р хорооны цагдаагийн хэсгийн дарга Дэд хурандаа Батхуяг ингэж ярилаа.   

-Энэ явдал таслан зогссон гэж үзэж байгаа, одоо нууц далд байдлаар борлуулж байгааг үгүйсгэхгүй. Бид “Нарантуул” худалдааны төвийн Хяналт зохион байгуулалтын албатай хамтран  ажиллах гэрээтэй. Хэрэв ийм наймаа хийж байвал нотлох баримтын хамт шууд мөрдөн байцаалтад шилжүүлдэг. Бид тодорхой арга хэмжээ авна, ажиллана, хяналтаа тавина, илрүүлнэ, үүнийг таслан зогсоох бүрэн боломжтой.                                                        

            Түүний өгсөн мэдээллээр БНХАУ-аас оруулж ирдэг гэх үр зулбуулдаг эмийн худалдааг таслан зогсоосон. Өнгөрсөн онд “үр зулбуулдаг” эм зарсан 4 хүнд шүүхээс ял оноосон гэж байгаа ч “Нарантуул” захад зарсаар байна. Тодруулбал, тус захад лангуу түрээсэлдэг худалдаачид, энэ эмийг хууль бусаар зарж байна. Тэгвэл захын захиргаанаас яаж хяналт тавьж байна вэ. Энэ талаар Захын гүйцэтгэх захирал Түвшинбат ярьж байна.

            -Сая ийм зөрчил гарсныг би хэлж мэдэхгүй байна. Ер нь таслан зогсоогдсон гэж үзэж байгаа. Гаднаас орж ирээд зарчих гээд байдаг. Цагдаагийн байгууллагатай хамтран ажилладаг, хүний амь настай холбоотой энэ асуудалд онцгой анхаарч ажилладаг, ийм үүрэгтэй. Ямар хүн зарав гэдгийг бид илрүүлж яаралтай арга хэмжээ авна.

“Нарантуул” захад албан ёсоор талбай түрээслэгчдийн дунд үр зулбуулах эм худалдах зөвшөөрөлтэй хүмүүс байхгүй. Гэтэл захад ямар нэг талбай түрээсэлдэггүй гар дээрээс худалдаа эрхлэгч олон байдаг. Энэ хүмүүс хууль бусаар эм зарж байхыг үгүйсгэхгүй гэсэн тайлбарыг өгч байсан. Тэгвэл энэ хууль бус худалдаанд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт тавих боломжтой юу?

Гэтэл “Нарантуул” захад хулгайгаар зарж байгаа үр зулбуулдаг эмийн худалдааг шууд очоод илрүүлэх, таслан зогсоох эрх Мэргэжлийн хяналтын байгууллагад өнөөдөр алга. Тэд зөвхөн цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллах ёстой, үүнийг нь хуулиар баталгаажуулж өгчээ.Эрсдэл өндөртэй энэ худалдааг хамгийн түрүүнд хянах үүрэгтэй хяналтын байгууллагын ажил нөгөө байгууллагын үйл ажиллагаанаас шууд хамаарч байна. Энэ нь хууль бус эмийн худалдаа зогсохгүй байх нэг шалтгаан гэж МХЕГ-ын хэлтсийн дарга Барболд хэллээ.

-Мэргэжлийн хяналтын байгууллагын хувьд тусгай зөвшөөрөл бүхий эм хангамжийн байгууллагуудад хяналт тавих үүрэгтэй. Жишээ нь, бид “Нарантуул”  захад шууд гүйцэтгэх үйл ажиллагаа явуулж болохгүй. Учир нь үүнийг хуулиар хязгаарласан. Иймээс заавал цагдаагийн байгууллагатай хамтран ажилладаг. Энэ нөхцөлд аль, аль талаасаа санаачилга гаргах хэрэгтэй байх. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс манайд бичиг ирсэн, энэ дагуу бид цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасан байгаа.                                              

            Бид нэвтрүүлэг бэлтгэх явцад “Нарантуул” захын Цагдаагийн хэсэгт энэ тухай мэдээлэл өгсөн. Бидний мэдээллийн мөрөөр хоёр хүнийг баривчилсан. Одоо гүйцэтгэх ажиллагаа үргэлжилж байна гэсэн мэдээллийг захын удирдлага өгсөн. Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас энэ асуудалд шалгалт хийхээр төлөвлөсөн. Гэхдээ эмийн худалдаанд шууд хяналт тавих боломжгүй учраас цагдаагийн байгууллагад хамтран ажиллах санал тавьсан. Одоогоор хариу өгөөгүй гэсэн зөрүүтэй мэдээлэл өгсөн юм.

            -Баярласан сэтгэлээ яаж илэрхийлэх вэ гэдгээ би өөрөө мэдэхгүй ч гэсэн өнөөдөр энэ эмийг хоёр хүн уух гэж байгаа бол нэгийг нь болиулна. Би бүх эмч нартаа ингэж тусална л гэж бодож байгаа.  

       Баримт эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг

Нийтэлсэн: Баримт

Хүний “амь таслах”-д 50 мянган төгрөгийн үнэтэй юу  
Үзсэн: 6530 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
үл мэдэх [203.91.117.xxx] 2018-05-17 16:20
эм авна яаралтай холбогдоорой

Бидэнтэй нэгдээрэй