Шууд Chart

Тавилан

2021-07-21 17:45:43

Өглөөний туниа муутайхан нар уулын цаанаас арай ядан өндийж, орог саарал үүлний цаагуур орон нүүр бурууллаа. Хэдэн өдөр цутгасан хүйтэн борооноос залхаж гүйцсэн хөгшин сарнай үзүүрээсээ шарлаж, өнгөө алдаж байгаа өөрийгөө харан санаа алдав. Саяхан дэлбээгээ нээсэн залуухан сарнай туяхан ишээ ганхуулан, гоо сайхнаа гайхуулж, эргэн тойронд нь юу болж байгааг үл тоомсорлон инээмсэглэж, хөширч, хатаж байгаа эмгэн сарнай борооны усанд шалба норж, базаад хаясан цаас шиг үрчийснийг хараад шоолж байгаа нь илт. Тэрээр

-Хурын уснаас хүртэл та айдаг болжээ гэснээ бүхий л дэлбээгээ нээн эмгэн сарнайд гайхуулангуй өнгөөр хэлээд инээмсэглэв. Даарч бээрсэн эмгэн сарнай

-Цаг нь болохоор чамд ч гэсэн нарны гэрэл, хурын ус хэрэггүй санагдаж, хурдхан шиг хагдарч унах тэр өдрийг тэсч ядан хүлээх болно гэж гунигтайхан хэлээд дуугаа хураав. Залуухан сарнай ишин дээрээ өндөлзөж

-Хагдарна. Гэхдээ болоогүй байнаа гээд тас тас инээлээ. Хөгшин сарнай

-Бүгд л тэгж хэлдэг юм. Хайр, хагацал залуу зүрхийг цаламдаж, хүсч тэмүүлж байсан бүхэн дараа нь дарамт тээр болдог гэснээ саяхан л сайхан үнэр, гоё өнгөөрөө гайхуулж байсан ч өнөөдөр өнгөө алдан үрчийсэн дэлбээгээ өрөвдөх мэт ширтэв.

-Хайр тээр дарамт болдог гэж үү хэмээн залуухан сарнай мөрөөсөнгүй дуугарснаа үл итгэж байгаагаа илтгэн дуу аялж эхэллээ.

-Цаг хугацаа бүхнийг шийддэг. Гоо сайхан, гоё ганган төрхөнд хүмүүс нүд унагаж хардаг. Гэвч тэд таслаж аваад мартаж орхидог юм гэснээ санаа алдав. Залуухан сарнай инээмсэглэж,

-Хэн нэг нь намайг эндээс авч явах тэр сайхан өдрийг тэсч ядан хүлээж байгаа гэхэд эмгэн сарнай гунигтайгаар

-Охин минь түүнийг үхэл гэж нэрлэдэг юм. Энд өдөрт хэдэн мянган сарнай дэлбээгээ нээдэг. Бүгд л илүү сайхан байхыг хүсдэг. Тэд эндээс явдаг, харин хэзээ ч эргэж ирдэггүй юм даа гэв. Залуухан сарнай итгэж ядаж байгаагаа илтгэн дахиад л туяхан ишин дээрээ бөхөлзөж,

-Тэнд хязгааргүй сайхан, илүү дулаахан, бас хачин зөөлхөн байдаг гэж л сонссон юм байна. Ямар ч байсан би цэцгийн мандалд тань шиг өтлөхийг хүсэхгүй л байна шүү хэмээн бардамхан өнгөөр чангахан хэллээ. Эмгэн сарнай борооны хүйтэн усыг дэлбээн дээрээсээ зайлуулах гэж хэр чадлаараа оролдож, хамаг тамираа барсан нь илт. Гэвч тэр мөрөөдөлдөө умбах дэгжин сарнайг өрөвдөнгүй харж

-Чиний энд үлдэх эсэхийг чи өөрөө шийдэж чадахгүй. Заримыг нь таслаж, заримыг нь тайрч, заримыг нь бүр үндсээр нь мулталж хаядаг юм гэснээ санаа алдав.

Цэцгийн мандалд нам гүм байдал дахиад л ноёрхож эхэллээ. Эмгэн сарнай үзэж туулсан амьдралаа эргэцүүлж, залуухан дэгжин цэцэг мөрөөдөлдөө умбан нойрмоглож эхлэв. Харин цэцэгчин хэдэн сар нойр, хоолоо хугаслан байж тарьсан цэцгээ өөрийн гараар таслахаар хурц хайч барин цэцгийн мандал руугаа дөхөж ирлээ.

Энэ үед цэцгийн мандал руу нүд цавчихгүй ширтэж суусан бүсгүй “Хүний амьдрал ч гэсэн богинохон. Магадгүй хэн нэг нь хүнийг яг л цэцэг шиг тарьж, цэцэг шиг ургуулж, эцэст нь таслаж орхидог байх даа хэмээн ганцаараа амандаа шивнээд санаа алдав.

Нийтэлсэн: Б.Цоожчулуунцэцэг

Тавилан  
Үзсэн: 4217 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй