Шууд Chart

Дорнод аймагт "Дэлхийн хорт хавдартай тэмцэх аян" үргэлжилж байна

2016-11-10 15:38:04

2000 оны Парисын тунхагт уриалсны дагуу Хорт хавдартай тэмцэх Олон улсын холбоо /UICC/ нь 2005 оноос Дэлхийн хэмжээнд хорт хавдрын эсрэг үйл ажиллагааг санаачлан жил бүрийн хоёрдугаар сарын 4-ний өдрийг “Хорт хавдрын эсрэг Дэлхийн өдөр”, 11 дүгээр сарын эхний 14 хоногийг “Хорт хавдартай тэмцэх Дэлхийн аян” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ.  

Тус холбооноос жил бүр тодорхой уриа дэвшүүлэн Дэлхий нийтээрээ хавдраас сэргийлэх үйл ажиллагааг явуулж байна. Тухайлбал, 2011 онд “Бид хамтдаа хүчтэй”, 2012 онд “Хамтдаа хавдрыг бууруулж чадна”, 2013 онд “Хорт хавдрын талаар та юу мэдэх вэ?”, 2014 онд “Хорт хавдрын талаарх төөрөгдлийг арилгая”, 2015 онд “Хорт хавдар дийлдэшгүй асуудал биш” гэсэн уриа дэвшүүлж байсан бол 2016 онд “Би чадна, Бид чадна, Та ч бас чадна” гэсэн уриан дор Дэлхий нийтээрээ хавдраас сэргийлэх үйл ажиллагааг явуулж байна.

Энэ жил Хавдар судлалын үндэсний төвөөс “Хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэлтийг эрчимжүүлье” уриан дор зохион байгуулах удирдамж ирсэний дагуу үйл ажиллагааг төлөвлөн ажиллаж байна.

Манай аймгийн хүн амын дунд хорт хавдрын өвчлөл, нас баралтаараа тэргүүлж буй элэгний хорт хавдрын эрт илрүүлэлтийг эрчимжүүлэх ажлыг хамтад нь авч хэрэгжүүлж байна.

Эрүүл мэндийн сайдын 2014 оны 183 дугаар тушаалаар батлагдсан “Элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх стратеги”-ийг хэрэгжүүлэхэд орон нутгийн төсвөөс 10 сая төгрөгийг төсөвлөсөний дагуу элэгний В, С вирус илрүүлэх хурдавчилсан оношлуур болон Elisa аппаратын оношлуурыг сум, өрхийн эрүүл мэндийн төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хувиарлан элэгний хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо, сургалт сурталчилгааны ажлууд хийгдэж байна.

“Хорт хавдартай тэмцэх Дэлхийн аян”-ны хүрээнд Баяндун, Баян-Уул, Дашбалбар, Цагаан-Овоо сумдад төслийг санаачлагч, ерөнхий санхүүжүүлэгч “Амин тоонто” ТББ, ивээн тэтгэгч байгууллага “Тоонто гранд” ХХК, “Доргоши” ХХК, “Авто стандарт” ХХК, санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Баяндун сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Н.Хүрэлбаатар, “Амин тоонто” ТББ-ын Тэргүүн, Дашбалбар сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Б.Оюунбилэг, БОЭТ-ийн захиргаа, эмч мэргэжилтнүүдтэйгээ хамтран элэгний хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо, сургалт, сурталчилгаа бүхий “Элэг бүтэн амьдарцгаая” өдөрлөгийг 2016 оны 11 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулж нийт 224 хүн хамрагдлаа.

11 дүгээр сарын 7-ны өдөр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн шилэн зааланд “Элэг, хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэлтийг эрчимжүүлье” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулж иргэдэд элэгний В, С вирус, элэгний хавдрын маркер AFP, ходоодны хеликобактер илрүүлэх шинжилгээг хурдавчилсан оношлуураар, цуллаг эрхтний хэт авиан оношилгоо зэрэг элэгний хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо,  хөхний эмнэл зүйн үзлэг, умайн хүзүүний эсийн шинжилгээ авах эмэгтэйчүүдийн үзлэг зөвлөгөө, хорт хавдрын талаарх ерөнхий ойлголт өгөх, хорт хавдрын урьдчилан сэргийлэлтийн талаарх сурталчилгааг хийх, өөрийн боловсруулсан 12 төрлийн гарын авлага, санамж тараах, биеийн жин өндөр хэмжиж биеийн жингийн индекс тодорхойлох, цусны даралт хэмжих, захын цусанд сахар тодорхойлох үзлэг оношилгоог хийсэнээс гадна “Монос” эм ханган нийлүүлэх төвтэй хамтран ясны сийрэгжилт тодорхойлох, дархлаа дэмжих зорилгоор витамин тараах, шинэ эмийн мэдээлэл хийх, зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагааг явууллаа.

“Элэг, хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэлтийг эрчимжүүлье” сэдэвт сургалтыг Баяндун, Баян-Уул, Дашбалбар, Цагаан-Овоо сумд, аймгийн төвийн 3 өрхийн эрүүл мэндийн төвийн болон БОЭТ-ийн эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд зохион байгуулав.

“Хорт хавдартай тэмцэх Дэлхийн аян”-ны үеэр Мижи телевиз, TV6 телевиз, DTV телевиз, “Шинэ суваг” телевиз зэрэг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Дэлхийн аян болон Элэг, хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн ач холбондлын стратегийн талаар мэдээлэл, сурталчилгааг хийж байна.


Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Хавдрын тасгийн эрхлэгч,

“Хорт хавдраас сэргийлэх, хянах дэд хөтөлбөр”-ийн аймгийн зохицуулагч Г.Саранцэцэг


Дорнод аймагт "Дэлхийн хорт хавдартай тэмцэх аян" үргэлжилж байна  
Үзсэн: 802 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй