Шууд Chart

ОХУ Telegram-ийг үүсгэн байгуулагч Павел Дуровыг олон улсад эрэн сурвалжилж эхэллээ

2026-07-29 16:38:56

ОХУ-ын Холбооны аюулаас хамгаалах алба (ФСБ) Telegram платформыг үүсгэн байгуулагч Павел Дуровыг терроризмыг дэмжсэн хэрэгт буруутгаж, олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ.

ФСБ-ын мэдээлснээр, Telegram-д байршуулсан зарим суваг, чатботыг устгаагүйгээс Украины тусгай алба болон террорист, хэт даврагч бүлэглэлүүд ОХУ-ын нутаг дэвсгэрт хорлон сүйтгэх ажиллагаа, террорист халдлага, цахим залилан зохион байгуулахад ашигласан гэж үзэж байгаа аж. Түүнчлэн ийм үйл ажиллагааны улмаас хүний амь эрсэдсэн гэж мөрдөн шалгах байгууллага буруутгажээ.

ФСБ мөн Telegram дахь танилцах үйлчилгээний чатботоор дамжуулан иргэдийг террорист үйл ажиллагаанд элсүүлсэн хэрэг илэрсэн бөгөөд 2025 оны долоодугаар сараас хойш ийм хэрэгт холбогдуулан 46 хүнийг саатуулсан гэж мэдэгдсэн байна.

Павел Дуров ОХУ-д төрсөн ч 2014 онд тус улсыг орхиж, одоо Дубайд амьдардаг. Тэрээр Франц, АНЭУ-ын иргэншилтэй бөгөөд Оросын эрх баригчид хувийн нууц, үг хэлэх эрх чөлөөг хязгаарлах зорилгоор зохиомол хэрэг үүсгэсэн гэж мэдэгдээд байна. Хэрэв буруутай нь тогтоогдвол түүнд бүх насаар нь хорих ял оноох боломжтой юм.

Энэ нь ОХУ 2022 онд Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш цахим орчинд тавих хяналтаа эрчимжүүлж буй бодлогын хүрээнд авсан ээлжит арга хэмжээ гэж ажиглагчид үзэж байна. Үүний зэрэгцээ ОХУ төрийн дэмжлэгтэй MAX мессенжерийг өргөн нэвтрүүлэх бодлого хэрэгжүүлж байгаа ч төрийн байгууллагууд Telegram-ийг идэвхтэй ашигласаар байгаа юм.


ОХУ Telegram-ийг үүсгэн байгуулагч Павел Дуровыг олон улсад эрэн сурвалжилж эхэллээ  
Үзсэн: 51 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй