Шууд Chart

Зөвшөөрөлгүйгээр ус ашиглан элс угааж байсан компанийн үйл ажиллагааг зогсоолоо

2026-07-29 16:43:00

Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлтийн 7 дугаар багийн нутаг дахь MV-000362 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулж байсан нэгэн компанийн элс угаах ажиллагааг улсын байцаагчид энэ сарын 27-нд илрүүлэн зогсоожээ.

Хяналт шалгалтаар тус компани ус ашиглах дүгнэлт, гэрээ, зөвшөөрөлгүйгээр ус ашигласан нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн үйл ажиллагааг нь нэн даруй зогсоож, прокурорын тогтоолоор уг арга хэмжээг баталгаажуулжээ. Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн байна.

GPS төхөөрөмжөөр байршлын хэмжилт хийж, ArcGIS программтай тулган шалгахад элс угаах төхөөрөмж нь MV-000362 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн гадна байрлаж байсан нь тогтоогджээ.

Иймээс гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн холбогдох материалыг цагдаагийн байгууллагад шилжүүлэх саналыг прокурорт хүргүүлэхээр болжээ.

Хяналтын байгууллагаас ашигт малтмал олборлогч иргэн, аж ахуйн нэгжүүдэд ус ашиглахтай холбоотой зөвшөөрөл, гэрээ, дүгнэлтээ бүрэн бүрдүүлж, зөвхөн тусгай зөвшөөрлийн хүчинтэй талбайн хил хязгаарт үйл ажиллагаа эрхлэхийг анхаарууллаа. Мөн ийм төрлийн зөрчил илэрвэл хуульд заасан үндэслэлээр үйл ажиллагааг шуурхай зогсоож, хариуцлага тооцохыг сануулжээ.


Зөвшөөрөлгүйгээр ус ашиглан элс угааж байсан компанийн үйл ажиллагааг зогсоолоо  
Үзсэн: 44 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй