
УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Чинзоригийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.
Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ниймгийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нар танилцууллаа.
Хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн С.Чинзориг илтгэлдээ нийгмийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн эмэгтэй 55 нас хүрээд, хэрэв 4-өөс дээш хүүхэдтэй бол 50 нас хүрээд өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсдэг. Статистикийн тоо баримтаас үзвэл жилд 80 орчим мянган эх төрж, 90 гаруй мянган эх хүүхдээ асарч ажил хөдөлмөр эрхлэхгүй байна. Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдийн тэтгэвэр ижил цалин хөлснөөс ердийн нөхцөлөөр тогтоолгосон эхчүүдийн тэтгэврээс 10-15 хувиар доогуур байна гэдгийг онцолж байлаа.
Эхчүүдийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нийгмийн даатгалд даатгуулсан хэлбэрээс хамааруулан ялгаатай олгож байгаа нь ижил тохиолдлоор орлого олох боломжгүй болсон нөхцөлд сайн дураар даатгуулсан эхчүүд бага тэтгэмж авч эрх ашиг нь зөрчигдөж байгааг тэрбээр танилцуулгадаа дурдав.
Түүнчлэн Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг үйлдвэрлэж буй мал аж ахуйн салбарт 300.0 гаруй мянган малчин ажиллаж, энэ нь нийт ажиллагсдын 30 шахам хувийг эзэлж байгаа аж. Эрхэлж буй хөдөлмөрийн онцлогоос хамааран хөдөлмөрийн чадвар эрт буурах, хүнд өвчин тусах, наснаасаа эрт өтлөх, харьцангуй эрт нас барах тохиолдол малчдын дунд түгээмэл байгаа юм байна.
Иймд эхчүүдийн хүүхэд төрүүлж өсгөсөн хөдөлмөрийг бодитой үнэлж нийгмийн баталгааг нь сайжруулах зорилгоор хүүхэд асарсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүй төлөх, шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлж өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор 1.5 жил нэмж тооцох, эхчүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран адил хувь хэмжээгээр жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох, малчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломж олгох хууль эрх зүйн орчин бүрдүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан юм байна.
Уг хуулийн төсөл нь МАН -ын 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан “Хүүхэд төрүүлсэн ээжүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран хөдөлмөрийн хөлснөөс адил хувиар тооцон тэтгэмж олгох эрх зүйн орчин бүрдүүлнэ”, “Хүүхдээ 3 нас хүртэл асарч байгаа эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа тасрахгүй байх боломж бүрдүүлнэ”,“Төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор эхийн ажилласан хугацааг 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцно”, “Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулна” гэж заасантай болон Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй бүрэн нийцэж байгааг УИХ-ын гишүүн С.Чинзориг онцолж байлаа.
Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Я.Содбаатар, Х.Баделхан, Д.Мурат, М.Билэгт, Ж.Батзандан, Д.Сарангэрэл нар асууж, саналаа хэлсэн юм.
УИХ-ын гишүүдийн олонхи нь уг хуулийн төсөл малчдаа дэмжих, тэдний ажлын хүнд нөхцөлийг тооцоолж, залуучуудын мал аж ахуй эрхлэх сонирхлыг нэмэгдүүлэхэд чухал алхам болж байгааг онцлохын зэрэгцээ, малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулахад ямархуу тооцоо судлагаа хийсэн болон, хуулийн төсөл батлагдвал хэчнээн хүн тэтгэвэрт гарч, Нийгмийн даатгалын санд хэдэн төгрөг төвлөрүүлэх талаар илүүтэй тодруулж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулахад тооцоо судлагаа хийсэн эсэх мөн хуулийн хугацааны хэрэгжилтийн талаар тодруулж байсан бол УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хүүхэд асарсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүй төлөхөд хуулийн ямар зохицуулалт байгааг сонирхож байв.
Хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн С.Чинзориг хуулийн төсөлд хэрэгжих хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс гэж тусгасан ч Засгийн газар зарчмын хувьд дэмжиж байгаа ч хугацааг хойшлуулах санал тавьсан. Засгийн газрын саналыг хүндэтгээд хуулийн хэрэгжих хугацааг 2018 он болгосон. Нийт ажиллагсдын 30 шахам хувийг малчид эзэлж байгаа ч нийгмийн даатгалын байгууллагын тоо мэдээнээс үзвэл малчдын 10 орчим хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан байдаг. Энэ жилийн хувьд 1800 малчин тэтгэвэрт гарна. Хэрэв тэтгэвэрт гарах насыг таван жилээр урагшлуулбал 2018 онд 19000 малчин тэтгэвэр авах боломж бүрдэх юм. Ингэснээр 280 тэрбум төгрөг Нийгмийн даатгалын сангийн эх үүсвэрт орно. Улсын төсөв болон, нийгмийн даатгалын санд ачаалал бага үүснэ гэж бодож байна. Харин ажил, хөдөлмөр эрхлээгүй хүүхдээ асрах хугацаандаа нийгмийн даатгал төлөөгүй эхчүүдийн хувьд сайн дураар даатгалд хамрагдвал 50 хувийг нь төр дааж, 50 хувийг нь өөрөө төлөхөөр тусгасан гэж хариулж байлаа.
Хуулийн төслийг дэмжсэн дэмжээгүй байр сууриа УИХ-ын гишүүн Н.Энхболд, Я.Санжмятав, Ц.Цогзолмаа, Н.Амарзаяа, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва нар илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн энэ хууль батлагдвал мал аж ахуйн салбарт ажиллагсдын тоо, хөдөлмөрийн үнэлэмж нэмэгдэх чухал ач холбогдолтой гэж байсан бол УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва зарчмын хувьд хуулийн төслийг дэмжиж байгаа ч малчдын хөдөлмөрийг хөнгөлөх, сайжруулах, жилийн дөрвөн улиралд жигд орлоготой болгох, эрчимжсэн мал аж ахуйг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэгт анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй хэмээн саналаа хэлж байв.
Уг хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжсэн учир Ниймгийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.
Эхчүүдийн нийгмийн даатгалыг төрүүлсэн хүүхдийнх нь тоогоор нэмж тооцох тухай хуулийн төслийг дэмжлээ | ||
Үзсэн: 1688 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.