Шууд Chart

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ

2016-11-11 14:23:51

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ниймгийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар танилцуулав.

Энэ хуулийн төсөл нь нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн байдал нь өөрчлөгдөж, эрхэлж байгаа ажил үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж байгаа юм байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг илтгэлдээ манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг үйлдвэрлэж буй мал аж ахуйн салбарт 300.0 гаруй мянган малчин ажиллаж, тээвэр, худалдаа, үйлчилгээ зэрэг эдийн засгийн томоохон салбаруудад 240.0 гаруй мянган иргэн хувиараа хөдөлмөр эрхэлж байна. Энэ нь нийт ажиллагсдын 47.5 хувийг эзэлж байна. Үндэсний статистикийн болон нийгмийн даатгалын байгууллагын тоо мэдээнээс үзвэл малчдын 10 орчим, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 15 орчим хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан төлөвтэй байна. Иймд Монгол Улсын эдийн засаг, хүн амын хөдөлмөр эрхлэлтэд томоохон хувь нэмэр оруулж байгаа эдгээр салбарт ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах талаар дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байгааг харгалзан уг хуулийн төслийг боловсруулсан гэдгийг онцолж байлаа.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл батлагдан хэрэгжвэл уг хуулийн үйлчлэлд 491.6 мянган хүн хамрагдах бөгөөд нийт малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид бүрэн хамрагдсан тохиолдолд 566.4 тэрбум, 30-аас дээш насныхан бүрэн хамрагдвал 288.2 тэрбум, 35-аас дээш насныхан бүрэн хамрагдсан тохиолдолд 189.0 тэрбум төгрөгийн орлого нийгмийн даатгалын санд төвлөрнө гэж хуулийн төсөл санаачлагчид үзэж байв.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Х.Баделхан, О.Батнасан, Н.Амарзаяа нар асуулт асууж байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүдийн хувьд нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөхөд хэдэн төгрөг төлөх, хуулийн төсөлд бүрдүүлэх материал дээр мал тооллогын баримт авчирна гэдэг нь хэр оновчтой шалгуур болохыг, гэр бүлийн хоёр малчин байвал энэ хуулийн төсөлд хэрхэн хамрагдахыг илүүтэй тодрууллаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг 2000 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэлээ 10 жилээр нөхөн төлүүлэхэд 800 мянган төгрөг болох тооцоо бий. Гэхдээ үүнийг Засгийн газар журмаараа зохицуулна. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас гаргасан журмын дагуу 800 мянган төгрөгийг хэдэн жилийн хугацаанд төлөхийг гэрээ хийгээд зохицуулах байх. Харин нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөхөд шаардлага хангаж байвал эхнэр нөхөр хоёулаа хамрагдах боломжтой. Мөн хуулийн төсөлд нийгмийн даатгал төлөх шимтгэлээ нөхөн төлүүлэхдээ бүрдүүлэх баримт, материалын тухайд хэлэлцүүлгийн явцад засч, өөрчилж болно гэж хариулсан юм.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Д.Сарангэрэл, Г.Мөнхцэцэг, Д.Тогтохсүрэн, М.Оюунчимэг нар хуулийн төслийн талаар санал хэлж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлбөрөө төлж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх нь малчдын хэрэг хэдий ч Засгийн газрын зүгээс холбогдох журмыг хурдан гаргаж, малчдад төлбөрөө олох хугацааг олгох, тэдний орлого олох боломжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатайг сануулсан бол УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн уг хуулийн төслийн хамрах хугацааг 2000 оноос хойш гэж тооцох, нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөхөд малчдын боловсролын түвшингийн заалтыг хасах саналтай байгаагаа илэрхийлж байв.

Хуралдааны төгсгөлд уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82.2 хувь нь дэмжсэн учир Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.


Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ  
Үзсэн: 985 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй