Шууд Chart

Эрүүл мэндийн салбарын нэр хүнд нийгмийн хүрээнд унаж байна гэв

2016-11-14 09:40:58

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал, “Эрүүл мэндийн хөгжил-5” төслийн зохицуулагч н.Булганчимэг нар Дархан-Уул аймагт ажиллаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үйл ажиллагаатай танилцав. Сайдын бүрэлдэхүүнийг Аймгийн засаг даргын орлогч А.Түвшинбат хүлээн авч уулзсан ба Дархан-Уул аймагт хүн ам өсч, төрөлт нэмэгдсэнтэй холбоотой Амаржих газрыг шинээр байгуулах зайлшгүй шаардлага байгаа тул энэ асуудлыг дэмжиж өгөхийг хүслээ. Мөн Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн хөгжил-5” хөтөлбөрийн  зөвлөмжийн дагуу Эмнэлгийн тусгай хог хаягдлыг шатаах зуухтай болох асуудлыг аймгаас дэмжих болно гээд холбогдох асуудлыг тодорхой болгож, төслийг танилцуулахыг эрүүл мэндийн салбарынханд үүрэг болголоо. 

Үүнээс гадна тус аймгийн нэгдсэн эмнэлэг, Гос-хот Өрхийн эрүүл мэндийн төв, Эрүүл мэндийн Газрын үйл ажиллагаатай танилцлаа. Нэгдсэн эмнэлгийн Амаржих тасаг, хүүхдийн тасгийн тусламж үйлчилгээтэй танилцах явцад үйлчлүүлэгч, эцэг эхтэй ярилцаж, санал хүсэлтийг нь сонссон ба хүүхдийн тасагт амралтын өдрүүдэд хүүхдийн үзлэг хийж байгаа нь сайшаалтай боловч, Өрхийн эрүүл мэндийн төвийн үзлэгийг зохицуулалт хийж амралтын өдрүүдэд үзүүлдэг болох  тухай болон эцэг, эх иргэдийн  үр хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч,  эрүүл мэндийн боловсролыг сайжруулах  талаар хичээх хэрэгтэй гэдгийг зөвлөж байв. 

Дэд  сайдын багийнханд  Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлуудыг танилцуулсан ба  төр, хувийн хэвшлийн салбарын төлөөлөл оролцсон эмч, ажиллагсадтай уулзалт зохион байгуулж, тэдний санал хүсэлтийг сонсч, эрүүл мэндийн яамны бодлого, чиглэлийн талаар танилцуулав. Дэд сайд Л.Бямбасүрэн ойрын жилүүдэд төсөв нэмэгдэхгүй боловч, Засгийн газраас эрүүл  мэндийн салбарын төсвийг хасаагүй баталсныг дуулгаад, нийгмийн эрүүл мэндтэй холбоотой томуугийн улирал угтаж, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд цэгэн массаж хийж сургах, үдийн цайг амин дэмээр баяжуулах  үүргийг боловсролын байгууллагад өгсөн тул эмч мэргэжилтнүүд хамтран ажиллах хэрэгтэй гэв. Мөн эрүүл мэндийн салбарын нэр хүнд нийгмийн хүрээнд унаж байгаа учраас бүх эмч ажиллагсад хүнтэй харьцах харилцаа, ёс зүйн хандлага, харилцааны эв дүйгээ сайжруулах, энэ чиглэлээр хариуцлагатай байх  нь чухал гэдгийг онцлов. Эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр гарсан тушаал шийдвэр бүхнийг хэрэгжүүлэх, эмч нар тодорхой байгаа стандарт удирдамжаар ажиллавал үр дүнтэй байх боломжтойг зөвлөлөө.

Эх сурвалж: ЭМЯ


Эрүүл мэндийн салбарын нэр хүнд нийгмийн хүрээнд унаж байна гэв  
Үзсэн: 1171 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй