Шууд Chart

Тайландын зэрлэг байгальд ердөө 42 ширхэг цэн тогоруу байдаг

2016-11-15 16:46:34

Цэн тогоруу нь ягаандуу өнгийн урт хөлтэй ба саарал, цагаан алаг судалтай хүзүүтэй, нүүрэндээ улаан толботой, 130 см өндөр, 5.6 кг орчим жинтэй том шувуу юм. Мөн дэлхийн хамгийн өндөрт нисдэг шувуу. Байгальд зэрлэгээр үлдээд байгаа нь дөнгөж 4900-5400 орчим гэсэн тооцоо бий. Олон улсад сүүлийн 20 жилийн судалгаанаас үзвэл, жигд өсөлт байхгүй боловч зарим хуурайшилттай зун тоо толгой нь буурах хандлагатай байгаа аж. Харин Тайландын бүс нутгийн орчимд энэхүү цэн тогоруу нь устах аюул нүүрлэсэн ангилалд багтдаг байна.



Одоогийн байдлаар Тайландын зэрлэг байгальд ердөө 42 ширхэг цэн тогоруу байгаагаас нь 8 нь л хосоороо нутаглаж байгаа юм. Тус улсын Бурирам аймгийн Хуай Мак тосгоны тариан талбайн ойролцоо цэн тогоруу мэндэлжээ. Нутгийн иргэд мэндэлсэн цэн тогорууны дэгдээхэйд “Будаа” хэмээх нэрийг хайрласан байна. Цэн тогоруу аль болох хүн амьтан хүрэх боломж багатай намаг, нуурын арал, голын хөндийн өндөр өвстэй зэгс шагшуурга бүхий газрыг сонгож амьдрах дуртай амьтан юм.  Иймд тосгоны настнууд цэн тогоруу нь хүнтэй ойр буудаллах нь аз хийморь авчирдаг хэмээн бэлэгшээдэг юм.



Тосгоны иргэд ихэд баяртай байна. Учир нь билэгшээл биеллээ олсон уу, Тайландын дэлгүүрүүдэд будааны худалдан авалт сүүлийн хэдэн өдөр эрс өссөн байна. Цэн тогоруу Манай орны Хэнтий, Дорнод аймгийн Онон, Улз, Халх, Хэрлэн гол, Цагаан-Овоо сумын Баянбүрд, Хүрээт нуур, Холбоот нуур зэрэг нутгаар өндөглөж зусдаг. Монгол оронд нийтдээ 1200 гаруй цэн тогоруу бий гэсэн судалгааны тоо баримт байдаг.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тайландын зэрлэг байгальд ердөө 42 ширхэг цэн тогоруу байдаг  
Үзсэн: 3972 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй