
1925 оны 11 дүгээр сарын 27-ны энэ өдөр хуралдсан Ардын Засгийн газрын 42 дугаар хуралдаанаас гаргасан шийдвэр ёсоор Ардыг Гэгээрүүлэх яамнаас “Хичээл сурлагадаа шалгарсан, биеийн эрүүл мэндийн хувьд тэнцэх дунд сургуулийн төгсөх ангийн 35 сурагчийг сонгон авч Герман, Франц улсад явуулж, дунд болон лицей, тусгай мэргэжлийн ажилтан бэлтгэх төрөл бүрийн сургуульд суралцуулах” шийдвэр гарчээ.
Мөн Герман, Франц улсад суралцуулахаар явуулсан эдгээр 35 сурагч нь Монгол улсын Засгийн газраас гадаад улсуудад суралцуулахаар илгээсэн сурагчдын эхний ээлж байсан байна. Эдгээр 35 сурагчид 1908-1912 онд төрсөн, 13-17 насны хүүхдүүд байжээ.
Сурагчдын дийлэнх нь хотод төрсөн хүүхдүүд байсан бөгөөд зарим хэсэг нь хөдөө орон нутгаас гаралтай сурагчид байв. Эдгээр сурагчид 1923 онд Улаанбаатар хотод байгуулагдсан дунд сургуулийн ахлах ангид суралцаж байжээ.
Монгол сурагчид Герман Улсын нийслэл Берлин болон Лайпциг, Залфельд, Айзнах, Лицлинген, Орaниенбург, Фрайберг, Котбус , Потсдамм зэрэг хотуудад хуваарилагдан 1930 он хүртэл суралцсан байна.
• Герман улсын нийслэл Берлин хотын Лихтерфельде дүүрэгт орших Улсын Сургалтын байгууллагын дунд сургуульд С.Бавуу. С.Наваан-Юндэн, н.Пүрэвдорж, н.Доржсүрэн, Б.Содном (том) нарын сурагчид, мөн хотын Кино-гэрэл зургийн Уфа нэгдлийн сургуульд Н.Бат-Очир,
• Лайпциг хотын Их сургуулийн сэтгүүлчийн салбарт хувийн тохиролцоогоор Д. Нацагдорж, мөн хотын газарзүйн зургийн "Wagner&Debes" пүүст Аюурзана, Лувсаннамжил нар, мөн "Arno Pries & I.B. Hirschfeld" хэвлэлийн пүүст Ц.Баатарсэнгэ, С.Лувсандамдин, Охидийн лицейд Д.Пагамдулам,
• Залфельд хотын Виккерсдорфын чөлөөт сургуульд н.Дорж, н.Гомбо, Д.Намдаг, Л.Намхайцэрэн, Бадарчин, Сэдэд, Т.Нацагдорж, Х.Цэвээн, Г.Батсүх, Г.Халаа, н.Цэрэнханд нарын арван нэгэн сурагч
• Айзнах хотын "Dixi" автомашины үйлдвэрт Базарням, Лувсан нар
• Лицлинген хотын гар үйлдвэрлэлийн хамтлагт М.Лувсанцэнд, Ш.Цэвэг, Д.Сурмаажав, н.Юмхүү нар
• Орaниенбург хотын Хөдөө Аж ахуйн сургалтын байгууллагад Д. Санжаа
• Фрайберг хотын арьс шир боловсруулах үйлдвэрийн сургуульд И.Содном (бага), н.Сумади, н.Юмбүү нар
• Штутгартын ойролцоо Мюлакертын "Messrs.Haendle&Sons"-ын тоосгоны заводод нэр бүхий хоёр сурагч
• Котбус хотын нэхмэлийн сургуульд н.Гомбожав, н.Сумъяа нар тус тус хуваарилагдсан байна.
Мөн сурагч нарын хоёрдугаар ээлжээр Д. Нацагдорж, н.Бат-Очир, н.Санжаа, н.Пагмадулам нарын сурагчид Германд нэмж суралцаж байжээ. Мөн Франц улсад дөрвөн сурагч суралцаж байв.
Дээрх сурагчдын дундаас хожим нь Монголын түүхнээ тодорсон алдар гавьяатнууд олон төрөн гарчээ. Гэвч 1930-40 оны хэлмэгдүүлэлтэд бүгд өртөж хэлмэгдсэн билээ.
Бэлтгэсэн: Д.Нарантуяа
Монгол Улс 91 жилийн тэртээ Европт анх удаа сурагчдаа илгээжээ | ||
Үзсэн: 3788 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.