Шууд Chart

“Зөв боломж” ХХК-ийн компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргалаа

2016-11-27 18:59:03

Дорнод аймгийн Халх гол суманд үйл ажиллагаа явуулж буй Петро Дайчин тамсаг компанийн туслан гүйцэтгэгч   “Зөв боломж” компанийн  гэрээт ажилчин хэсэг залуус гарал үүсэл нэр хаяг  шошго нь мэдэгдэхгүй шингэн зүйлд хордсон мэдээлэл 11 дүгээр сарын 26-ны өглөө Улсын онцгой комисст иржээ.  Мэдээллийн  дагуу Улсын Онцгой комиссын дарга захирамж гарган, Улсын Онцгой комиссын гишүүн Н.Цагаанхүүгээр ахлуулсан ажлын хэсгийг томилон Дорнод аймаг руу илгээсэн байна.


Хэрэг явдал Дорнод аймгийн төвөөс 210 км , Халх гол сумаас 110 км зайд гарсан

Ажлын хэсэг нөхцөл байдлыг судалж  уг осол аваарыг таслан зогсоох, саармагжуулах сөрөг арга хэмжээ авах,  эрсдлийг хор хохиролтойгоор хэрхэн даван туулах, цаашид хүрээг нь тэлэхгүй байхад онцгой анхаарч ажиллаж байна.


Хэрэг явдал хэрхэн гарав

11 дүгээр сарын 25-ны 22:00 цагийн орчим “Зөв боломж” компанийн бага эмч "Нэг хүн архи ууж амь эрсэдлээ. Хоёр хүний биеийн байдал муу байна" гэсэн дуудлагыг  аймгийн цагдаагийн байгууллагад болон бүсийн оношлогоо эмчилгээний төвд ирүүлжээ.  Удалгүй дахиад хоёр хүний биеийн байдал муу байна гэсэн мэдээллийг ирүүлээд,  "Ер нь би бие нь хүнд байгаа өвчтөнүүдээ аваад аймгийн төв рүү дөхье, та нар ч гэсэн наанаасаа гар, тэгээд хоёр талаасаа уулзая" гэсэн байна. Тээвэрлэлтийн явцад дөрвөн хүний хоёр нь нас барж, бүсийн оношлогоо эмчилгээний төвд ирсний дараа дахин нэг иргэн эмчилгээний явцад нас баржээ.

Үүсээд байгаа нөхцөл байдлын дагуу Аймгийн Онцгой комиисс  шуурхай арга хэмжээ авч, ЭМЯ, МХЕГ, Улсын Онцгой комисст хандан  танилцуулга мэдээллийг  11 дүгээр сарын 26-ны өглөө хүргүүлжээ.  Ингээд   төв удирдлагаас  мэргэжил арга зүйн зөвлөгөө авсны дагуу,  газрын тосны 21 дүгээр талбайд олборлолт явуулж буй  “Зөв боломж” компанийн нөхцөл байдалтай  газар дээр нь очиж танилцах, хордлого  гарсан шалтгааныг тодорхойлох, асуудлыг газар авахуулалгүй, таслан зогсоох, дүгнэлт гаргах ажлын хэсгийг аймгийн  хууль эрх зүйн хэлтсийн  даргаар ахлуулан, холбогдох мэргэжлийн байгууллагын бүрэлдэхүүнтэй томилж ажиллуулжээ.

Хордсон 21 хүн эмнэлгийн яаралтай тусламж  авсан бөгөөд эмчийн байнгын хяналт дор байна

Одоогийн байдлаар Дорнод аймгийн Бүсийн эмчилгээ оношлогооны төвд  эрчимт эмчилгээний тасагт таван хүн, энгийн тасагт долоон хүн хэвтэн эмчлүүлж байна.

Мөн  гэрээр буюу амбулаторын эмчийн хяналтад  долоон хүн байна. Нийтдээ 19 хүнд тусламж үйлчилгээг үзүүлж, ажиллаж байна. Үүнээс  биеийн байдал нь хүндэвтэр гурван хүн байгаа ба хоёр хүн биеийн байдал нь дунд зэрэг байна.  Өвчтөнүүдэд  хорыг тайлж, хоргүйжүүлэх, зүрх судасных нь үйл ажиллагааг нь дэмжих эмчилгээ хийгдэж байна.  Хордлогод өртөгсөд  26-43 насны хүмүүс  байна.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зөвлөх эмч нарын бүрэлдэхүүнтэй баг  Дорнод аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвд ажиллаж байна. Тэд хордлогод өртөгсдөд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхээс гадна  тархвар судлалыг цаашид үргэлжлүүлэн хийнэ.  Шаардлагатай байгаа эм тариа бэлдмэлийг  нийслэл хотоос шуурхай  татан авчрах ажлыг зохион байгуулж байна.

Үл мэдэгдэх шингэнээс дээж авч нийслэл хот руу  явуулсан.  Шинжилгээнд  явуулсан дээжийг түргэн шуурхай шинжлэн судлах, гарал үүслийг нь тогтоох ажил явагдаж байна.   Мөн 19, 21-р талбайд  үйл ажиллагаа явуулж буй  “Зөв боломж” компанид зөвлөмж хүргүүлээд  байна.

Осол гэмтлийн үр дагавар шалтгааныг тодруулахаар хууль хяналтын байгууллага, аймгийн цагдаагийн газар, тагнуулын байгууллага, аймгийн Мэргэжлийн Хяналтын газар  хэргийн газар дээр нь ажиллаж байна.


Петро Дайчин тамсаг компанийн туслан гүйцэтгэгч болох  “Зөв боломж” компани нь монголчуудыг хөлсөөр ажиллуулдаг байжээ

Тэд  аж ахуйн чиглэлийнхээ бүхий л  ажилд монголчуудыг зуучлан ажиллуулдаг байсан байна. Нийтдээ 193 ажилчидтай. Ажилчдын  ажиллах болон  амьдрах, хооллох нөхцөл боломж хүний эрх  эрх чөлөөг дээдэлсэн Монгол улсын болоод  олон улсын гэрээ конвенцийг мөрдөж ажилладаггүй нь  10 дугаар сарын есний өдөр  “Зөв боломж” болон Петро Дайчин тамсаг компанийн үйл ажиллагаатай танилцах шалгалтаар илэрчээ. Шалгалтыг МХЕГ-аас томилогдсон улсын ерөнхий байцаагчаар батлагдсан батламжийн дагуу  хийсэн байна.

Петро Дайчин тамсаг компанийн химийн бодис хадгалдаг агуулах сав болоод ашигласан химийн бодисыг устгах үйл ажиллагаа нь зохих журмын дагуу хийгдэхгүй байгааг 12 дугаар нэгнийг хүртэлх хугацаанд тодорхой болгох үүргийг өгчээ.

Мөн  газрын тосны 19, 21 дүгээр талбайд үйл ажиллагаа явуулж буй  “Зөв боломж” компанийн хоолны газар болон амралтын байр өнөөгийн стандарт шаардлагыг хангахгүй байгаа учир үйл ажиллагааг түр түдгэлзүүлсэн байжээ.  

Өөрөөр хэлбэл  эрүүл, зөв хүнс  хэрэглэх, мөн хүнснээс хүмүүс  хордохгүй байх шаардлагыг тавьсан  байна.   Гэтэл өнөөдөр монголчууд юу нь мэдэгдэхгүй зүйлээс хордсон нь улсын байцаагчийн дээр  тавьсан шаардлагыг биелүүлээгүйтэй холбоотой байна гэж үзэж байна.  Тиймээс “Зөв боломж” компанийн үйл ажиллагаа бүрмөсөн зогсооно гэдгийг МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү хэлж байна.

Цаашид Петро Дайчин тамсаг компани нь  Монгол Улсад мөрдөгдөж буй хууль дүрэм, стандартыг мөрдөж,  туслан гүйцэтгэгч компаниудтайгаа уялдаа холбоотой ажиллахыг  анхааруулж байна.

Д.Нарантуяа

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Зөв боломж” ХХК-ийн компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргалаа  
Үзсэн: 1327 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй