
Фидель Кастро өөд болсны дараа Куба улсыг өөрчлөх үйл явц хурдасна. Гэхдээ АНУ-тай ойртоно гэх ямар ч баталгаа байхгүйн дээр Дональд Трампийн засаг захиргааны хэрцгий гэж хэлж болох байр суурь үүнд саад болж магадгүй гэж улс төр судлаачид, шинжээчид хэлж байна.
Арлын орны нийгэм-эдийн засгийн байдалд сүүлийн жилүүдэд маш их өөрчлөлт орсон. Ялангуяа Ерөнхийлөгч Барак Обамагийн үед Америк, Кубын харилцаа дулаарсныг энд хэлж болох юм. Социализм гэх үзэл суртлын дардас аажмаар утгаа алдаж, Кубын эрх баригчид ажилгүй болсон хэдэн мянган хүнд төрөөс маш сайн зохицуулах болсон хувийн секторт ажлын байр санал болгож эхэлсэн нь үүнийг гэрчилж байгаа юм.
Одоо Фидель Кастро өөд болсны дараа улс оронд энэ үйл явц илүү хурдсах ёстой гэдгийг шинжээчид хэлж байна. Кубын эрх баригчид Америкийн шинэ засаг захиргаанаас илүү их нээлттэй байхыг хүсэх нь гарцаагүй. Гэвч Дональд Трамп Куба улстай тэр болгон зөөлөн байр сууриас хандах нь юу л бол гэсэн таамаг одоо яригдаж байна.
Харин Куба улсын хувьд кубачууд дөнгөж одоо л нэг хүний сүүдрээс гарах нь ямар байх бол гэдгийг бодож байх шиг байна. “Бид Фидель Кастрогийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлж байна. Бидний сэтгэл зүрх, бидний мөргөл залбирал Кубын ард түмэнтэй хамт” гээд, “Бид Кубын ард түмэнд найрамдлын гараа сунгаж байна. АНУ бол ахан дүүс, түнш гэдгийг Кубын ард түмэн мэдэх ёстой” гэж Цагаан ордны эзэн өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэн.
Гэтэл АНУ-д ирэх оны нэгдүгээр сарын 20-ноос засгийн эрхэнд гарах шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамп, түүний багийн гишүүн Майкл Пенс нар Фидель Кастрог эрс шүүмжилсэн мэдэгдэл хийсэн.
Дээрээс нь сенатич Тед Круз, Марко Рубио нар ч гэсэн хатуухан мэдэгдэл хийсэн ч гэлээ тэд бүгд Кубын ард түмэн Вашингтонд хамаагүй биш гэдгийг бас илэрхийлж байлаа. Энэ зуур Эрх чөлөөний арлын оршин суугчид болон зочид Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастротой салах ёс гүйцэтгэж байна.
Дэлхийн бөмбөрцгийн баруун хэсэгт анхны социалист орныг бий болгосон Фидель Кастро өнгөрсөн баасан гарагийн орой 90 насандаа өөд болсон. Куба улсад энэ сарын 26-наас эхлэн ес хоног гашуудал зарлаад байна. Фидель Кастрог ирэх сарын 4-ний өдөр Сантьяго-де-Куба хотод оршуулна.
Куба улсын АНУ-тай ойртох үйл явцад Трамп саад болж магадгүй | ||
Үзсэн: 1552 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.