
УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Засгийн газраас өнгөрсөн сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр танилцуулав. Мөн энэ асуудлыг хэлэлцсэн талаархи Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг танилцуулсан юм.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д ”Улсын Их Хурал нь Засгийн газар, даатгуулагч, ажил олгогчийг тэнцүү тоогоор төлөөлсөн орон тооны бус гишүүдээс бүрдсэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулж ажиллуулна”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үндэсний зөвлөлийн дарга, гишүүдийг талуудын санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилох...” гэж хуульчилсны дагуу Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолоор Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг шинэчлэн баталжээ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь даатгуулагчийн эрх ашгийг хөндсөн, цаг үеийн олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээс гадна нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөө, зарлагын гүйцэтгэл, сангийн батлагдсан төсвийн нарийвчилсан хуваарийг баталж, гүйцэтгэлд нь хяналт тавих үүрэг хүлээдэг.
УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсантай холбогдуулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Засгийн газрын төлөөллийг өөрчлөх шаардлагатай болжээ. Иймээс нийгмийн даатгалын бодлогын чиглэлээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг хангах, нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, иргэдэд даатгалын үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх, даатгуулагчийг дээдэлсэн даатгалын шинэ тогтолцоог бүрдүүлж ажиллах үүднээс Засгийн газрын гишүүн болон Үндэсний зөвлөлийн ажлын уялдааг хангахын тулд Үндэсний зөвлөлийн дарга нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Засгийн газрыг төлөөлсөн бусад гишүүдээр Сангийн болон Хууль зүй, дотоод хэргийн сайд нар ажиллахаар тогтоолын төсөлд тусгажээ.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Д.Сарангэрэл нар асуулт асууж тодруулав. Харин тогтоолын төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн эрх хэмжээ хязгаарлагдмал, оролцоо нь ор нэрийн төдий байгаа, бүх хөрөнгийг нь Сангийн яам төвлөрүүлээд татчихдаг. Иймээс энэ сангийн хөрөнгийг өөр төрлийн санд байршуулахыг хориглосон хуулийн заалтыг хэрэгжүүлж Нийгмийн даатгалын санг Төрийн сангаас тусгаарлах талаар салбарын сайд, Үндэсний зөвлөл анхаарах шаардлагатайг хэллээ.
Ингээд байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 79.6 хувь нь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ | ||
Үзсэн: 887 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.