
Өнөөдөр хуралдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нар танилцуулсан юм.
Манай улс Дэлхийн худалдааны байгууллагын олон талт худалдааны хэлэлцээрийн “Гарал үүслийн дүрмийн тухай хэлэлцээр”-т 1994 онд нэгдэж, улмаар 1997 онд Дэлхийн худалддааны байгууллагын “Тариф худалдааны ерөнхий хэлэлцээр”-т гишүүнээр элсэн оржээ. Мөн Улсын Их Хурал 2008 онд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийг баталж, 2015 онд нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Харин Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилготой “Импортын барааны гарал үүслийн дүрэм”-ийг Засгийн газрын 2016 оны 101 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсныг Засгийн газрын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 46 дугаар хуралдаанаас 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулан, Дэлхийн худалдааны байгууллагын Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрт Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийг нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахыг чиглэл болгосны дагуу уг хуулийн төслийг боловсруулсныг сайд танилцуулгадаа дурдав.
Хуулийн төсөлд Хөнгөлөлттэй тариф хэрэглэх улсын жагсаалтад орсон боловч Монгол Улсын олон улсын гэрээ, эсхүл нотлох баримт бичиггүй бараанд нэн тааламжтай тариф хэрэглэх, барааны гарал үүслийг нотлох баримт бичигтэй холбоотой зохицуулалт болон барааны гарал үүслийн гэрчилгээ заавал шаардагдах барааны жагсаалтыг Засгийн газар батлах зохицуулалтыг нэмж тусгасан. Мөн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4, 31 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрт нийцүүлэн өөрчилсөн. Түүнчлэн уг хуулийн төсөлтэй холбогдуулан Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 34 дүгээр зүйлийг хүчингүй болгохоор тусгасан гэдгийг сайд танилцуулав.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ш.Раднаасэд, Ж.Ганбаатар нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.3 хувь нь уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Гаалийн тарифын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ | ||
Үзсэн: 1180 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.