Шууд Chart

“Монголын хүрээ хийдийн түүх” -ээс

2016-12-03 16:41:38

Баянхонгор аймаг Баян өндөр сум. Амарбуянтын хийд

Хуучин Засагт хан аймгийн Жюн ван Жонон засаг улсад туслагч гүн Жанцандалайнамжилнаваандоржын хошуу буюу одоогийн Баян өндөр сумын нутагт байсан Амарбуянтын хүрээ нь анх 1697 онд гүн Соном-Ишийн үед Цогчин хурлыг тогтоосноор эх суурь нь тавигджээ. Дараа нь 1823 онд гүн Цэдэндондовдоржийн үед Хайлан, Ламиран хурлыг тогтмол хурах болж 1831 онд нэмж Цаннид хурлыг үүсгэн байгуулжээ.

Ийнхүү хүрээ хийд байгуулагдсан цагаас 1937 оныг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд энд 1000 орчим лам сууж байсан мэдээ байна. Зарим эх сурвалжаар бол 1300-1500 ламтай байсан гэх мэдээлэл ч байна.

Амарбуянтын хийдэд Чойрын дацан, Манба дацан, Зурхайн дацан гэсэн 3 гол дацантай байсан ба Чойрын ном нилээн түлхүү судалдаг байжээ. Мөн хүрээнд Цам гарч Майдар эргэдэг байсан бөгөөд зуны эхэн сарын шинийн 8-нд дараа нь Цам гардаг байжээ.

Хуучин энэ хошуунд орон нутгийн тахилгатай 5 овоо байдаг байсан ба хамгийн гол овоо болох Баян овоог зуны эхэн сарын шинийн 8-нд тахидаг байжээ. Дараа нь хошууны гол овоог 3 сүм хамтарч тахина. Энэ нь Шинэжинст хэмээх овоо юм. Мөн Толийн овоо, Өндөр овоо, Тахилгат овоо хэмээх 3 овоог зуны дунд, адаг, намрын эхэн саруудад тахидаг байжээ. Эдгээр 5 овооны тахилгын санг хувилгаан ламын V дүр Дүвчин дүр зохиосон гэдэг. Хийдийн гол шүтээн нь Лхам шүтээнтэй байв. Энэ хийдэд Төвдөөс лам нар ирж суудаг байсан ба Төвд лам нарын сууж байсан хашаа гэж одоо ч хийдийн туурин дээр хашааны үлдэгдэл балгас бий.

1937 оны эхээр тэр үеийн хэлмэгдүүлэлтэд өртөж Амарбуянтын хүрээ хаагдсан байна. Сүм дуганы бурхан тахилыг дүрвээд явсан лам нар бага хэмжээгээр авч явсан ба нилээд нь эзгүйрсэн сүм дуганд үлдсэн байсныг нутгийн ард иргэд авч уул хаданд нууварлан дээрээс нь дотоод яамныхан сүм дуганыг шатаажээ. Хийдийн ойролцоо Хятадын худалдааны том пүүс байсан гэдэг. Одоо Амарбуянт хийдийн туурин дээр хэлмэгдэн сүйтгэгдсэн хийдийн хурал номыг сэргээж 1990 онд шинэ үеийн Амарбуянт хийд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Монголын хүрээ хийдийн түүх” -ээс  
Үзсэн: 3831 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2025-01-29 06:13
Үнэхэр гое
Зочин [127.0.0.xxx] 2022-10-17 09:58
Ene hiidiin ertnii iim zurag butneeree oldoh boluu

Бидэнтэй нэгдээрэй