Шууд Chart

Монголын үндэсний олимпийн хороо байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байна

2016-12-15 09:15:56

Тэртээх 1956 онд Монгол Улсад олимпизмийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй Монголын үндэсний олимпийн хороо байгуулагдаж байсан түүхтэй. Улмаар 1962 онд олон улсын олимпийн хорооны халуун ам бүлд багтаж, Монгол хүн олимпийн их наадмын талбарт өрсөлдөх үүд хаалга нээгдсэн билээ. Олон улсын олимпийн хорооны гишүүн болсноос ердөө хоёр жилийн дараа 1964 оны Токиогийн зуны олимп, Австрийн Инсбургийн өвлийн олимпод анх удаа оролцож, Монгол гэдэг орон олимпийн наадамд нэгдсэнийг тунхаглаж байсан юм.

Улмаар 1968 оны Мехикогийн олимпоос бөхийн чөлөөт барилдааны төрөлд 4 тамирчин нэгэн зэрэг медаль хүртэж олимпийн медальт орнуудын тоонд Монгол Улс багтсан билээ. Энэ цагаас буухиалсан олимпийн медаль нэгэн жарны хугацаанд хоёр алт, 10 мөнгө, 14 хүрэл медаль болж арвижаад байгаа юм. Энэ л амжилтын эхлэлийг тавьсан Монголын үндэсний олимпийн хорооны түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байна.

Түүхэн тэгш ойн хүрээнд биеийн тамир спорт, олимпийн хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх олон ажлыг зохион байгуулж байна.  Үүний нэг нь энэ өдрүүдэд спорт  холбоодод хүндэтгэл үзүүлэх ёслол юм. Тус ёслол энэ сарын 12-нд Монголын тамирчдаас анхны дэлхийн аваргыг төрүүлсэн байт харвааны холбоонд хүндэтгэл үзүүлэх ёслолоор эхэлсэн. Харин өчигдөр жүдо, хөнгөн атлетик, хүндийг өргөлт, чөлөөт бөхийн холбоодод хүндэтгэл үзүүллээ.

Холбоодод хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр Монгол Улсад биеийн тамир, спорт, олимпийн хөдөлгөөнийг дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч, МУГТ Х.Баттулгад МҮОХ-ны тэргүүн дээд шагнал Олимпийн “Алтан Од” одон хүртээлээ.

Жаран жилийн ойн хүрээнд холбоодод хүндэтгэл үзүүлэх ёслол энэ сарын 19 хүртэл үргэлжилнэ. Олон улсын олимпийн хороо 1962 онд Москва хотноо хуралдсан 60-р чуулганаараа Монгол Улсыг өөрийн 69 дэх гишүүн орноор элсүүлж байсан түүхтэй юм. Хэдийнэ Олон улсын олимпийн хорооны гишүүн болсон ч тухайн үеийн нийгмийн тогтолцооны онцлогоос хамаарч бие даасан үйл ажиллагаа явуулах боломж хомс байжээ. Харин 1990 онд ардчилсан хувьсгал гарснаар шинэ зохион байгуулалтад орж хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй.  

Нийтэлсэн: О.Баянмөнх

Монголын үндэсний олимпийн хороо байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байна   
Үзсэн: 1977 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй