Шууд Chart

42 нас хүртлээ ойлгосон 42 зүйл

2016-12-21 10:49:30

BZP Digital&Inbound дижитал маркетингийн агентлагийн  үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Бэгзсүрэнгийн Батзоригийн 42 нас хүртлээ ойлгосон 42  ухааралыг уншигч танаа хүргэж байна. Б.Батзориг нь Монгол улсын томоохон бизнесийн групп компаниудад бизнесийн удирдлагаар ажилласан хугацааны туршлагатай гүйцэтгэх удирдлага, энтрепренёр, дижитал маркетер хүн юм.


“42 нас хүртлээ ойлгосон 42  зүйл” –ээ бичихийн өмнө “Өдийг хүртэл үр хүүхэд, карьер, бизнес гэсээр аливааг бодоход цаг гаргалгүй явжээ. Эргэцүүлж нэг хараад энэ амьдралаас юу ухаарч, ойлгосноо бичих гэж оролдлоо” гэжээ.

42 нас хүртлээ ойлгосон 42:

1.    Хүн нэг орсон голдоо дахиж хэзээ ч ордоггүй гэж үнэн үг. Аливаа зүйл байнга өөрчлөгдөж байдаг.
2.    Ихэнх хүмүүс өөрчлөлтөд дургүй байдаг. Аливаа өөрчлөлтийг хийхдээ саад тотгор, чөдөр, зангуунуудыг хэрхэн давахыг бас давхар бодох хэрэгтэй.
3.    Амьдрал жүжиг биш тул баг зүүж амьдрах хэрэггүй. Байгаагаараа бай. Хүмүүс хэзээ нэгэн цагт чамайг хэн гэдгийг сайн ойлгочихсон байдаг.
4.    Бусдаас өөр байх нь буруу биш. Хүмүүс чиний хүсэл, мөрөөдөл, үзэл, баримтлал, байр суурийг тэнэглэл гэж бодож болно. Гэхдээ чи бусдаас өөр гэдэг нь чамайг онцгой болгодог. Бүх хүмүүст таалагдах алба огт байхгүй. Попууд л бүх хүмүүст таалагддаг.
5.    Бодь хүн байх нь буруу биш. Томоотой, хэт даруухан, маш дуугай хүүхэд байсан тул хүмүүс намайг энэ хүүхэд яаж амьдралд учраа олж амьдрах юм бол гэж хэлдэг байсан. Амьдраад байгааг бодоход бодь байх нь тийм ч буруу биш бололтой.
6.    Хүмүүс бялуу хийдэг, хуваалцдаг гээд ялгаатай бүлгүүдэд хуваагддаг. Бялуу хийдэг хүмүүс дэлхийг өөрчилж, хөгжүүлж, хөдөлгөж явдаг.
7.    Аз гэдэг сохор юм гэдэг үнэн үг. Хүнд хааяа аз хэрэгтэй байдаг бол үнэн. Гэхдээ азандаа л итгэж амьдрах нь буруу. Эзэн хичээвэл заяа хичээдэг гэдгээр хичээж байгаа хүнд аз дайрж л таарна.
8.    Юмаа мэддэг хүнийг ажлыг нь тайван хийлгэ. Бүх л зүйлд нь оролцоод байвал тэр хүн сүүлдээ мэддэг зүйлээ мэдэхээ больчихдог.
9.    Юмаа мэдэж амжаагүй байгаа хүнд заа, сурга, хөгжүүл. Ирээдүйд хэрэг нь гарна.
10.    Туршлагатай хүмүүсийг л ажилд авна гэдэг бол буруу. Дөнгөж сургуулиа төгсөөд явах үе бүх хүнд байдаг. Залуу байна гэдэг буруу огт биш, залхуу байх л буруу.
11.    Буруу туршлагатай хүмүүс бүр дэмий. Ихэнх хүмүүс 30 гарчихаараа өөрчлөгдөх нь ховор.
12.    Хүний характер, соёл, хандлага, хүсэл мөрөөдөл амжилтыг нь илүү тодорхойлдог.
13.    Шинэ үеийнхэн дандаа өмнөх үеэс илүү ихийг хийж бүтээж ирсэн. Одоо цагт хүүхдүүд ном уншдаггүй, дураараа, залхуу, бид харин ийм байлаа, тийм байлаа гэж ярьдаг хүмүүс комплекстой гэдгээ ойлгох хэрэгтэй. Надад ч комплекс байдаг. Гол нь тэрийгээ ойлгож байж давж гарна.
14.    Би залуудаа корпорацийн карьер хийхийг л мөрөөддөг байсан бол шинэ мянганыхан хийж бүтээхийг, дэлхийг өөрчлөхийг мөрөөддөг болсон байна лээ. Тэд илүүг хийж бүтээнэ.
15.    Орчин үед интровертүүдийн дундаас ч гайхалтай манлайлагчид, энтрепренерүүд төрдөг болсон.
16.    Багаар ажиллаж байж амжилтанд хүрнэ. Нэг хүн хэчнээн супер байгаад хаана ч хүрэхгүй.
17.    Технологи дангаараа шийдэл биш. Буруу бизнест технологи нэмэргүй, илүү зардал болно. Зөв бизнест технологи хурдасгуур болдог. Миний байнга ярьж явдаг HubSpot жишээ нь програм хангамж гэхээс илүүтэй бизнесээ хэрхэн хийх арга ухаан, философи юм.
18.    Нөгөө хүнийхээ ойлгодог үг хэлээр ярих хэрэгтэй. Хүмүүст ойлгомжгүй ярьдаг гэж олон хүний шүүмжлэлийг хүлээж авсан, хичээж байгаа.
19.    Яаж бага ажил хийж их цалин авах гэж боддог хүмүүс эцэст нь бага цалинтай үлддэг. Ийм бэртэгчингүүдэд хайран цагаа бүү үр.
20.    Их ажил хийе, бүтээе гэж боддог хүмүүс ихийг хийдэг, илүү ч цалинтай болдог. Ийм хүмүүстэй ажиллах хэрэгтэй.
21.    Зөөлөн нь хатуугаа гэж үнэн. Хатуу чанга байна гэдэг нь юмыг чадна, бүтээчихнэ гэсэн үг огт биш.
22.    Мэдэхгүйгээ мэднэ гэдэг нь мэдэхийн эхлэлийн цэг болдог.
23.    Аливаад суралцахад хэзээ ч оройтдоггүй. Энийг ойлгосон хүн ямар ч оюутнаас дутахгүй суралцаж болно. ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Би хэрхэн сурч хөгждөг вэ?
24.    Чи хэн бэ гэдгээ эрт таних тусам илүү зөв замаар урагшилдаг. 30 настайдаа математикийн мастер хамгаалаад явж байснаа бодохоор харамсдаг.
25.    Өнөөдөр чи хэн бэ гэдгээс илүүтэй маргааш чи хэн болж хөгжих вэ гэдэг нь илүү чухал.
26.    Нас гэдэг бол зүгээр л тоо. 70 хүрч байгаа нагац эгч маань уржигдар уулзахад 3 ном бичихээр төлөвлөж байгаагаа урам зориг дүүрэн ярьж суусан.
27.    Зовох цагт нөхрийн чанар танигддаг гэж үнэн үг. Цаг нь ирэхээр хамгийн их итгэж байсан дотнын нөхөр чинь нүүр буруулах нь бий.
28.    Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордог. Сонголт маш чухал, сайн бодож, харж, тунгааж, шалгаж хийх хэрэгтэй.
29.    Бизнест ч гэсэн олон туулай битгий хөөгөөрэй. Ашигтай гэж сонссон бизнесийг биш хайртай дуртай зүйлээ, бусдаас илүү хийдэг зүйлээ хийх нь зөв гэж мундгууд зөвлөдөг. ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Бизнесээ эхлүүлж буй хүмүүст хэрэгтэй 5 зөвлөмж
30.    Лам олдохгүй бол буцаж залдаг хүмүүсийн Б төлөвлөгөө бүү болоорой. "Лам" дайралдвал тэд чамайг хаяад явахад бэлэн байдаг.
31.    “Хүлээх зүрх зориг нь бий л бол ямар ч алдааг уучилж болдог.” - Брюс Ли. Үнэн үг шүү. Алдаагаа хүлээн зөвшөөрч сурна гэдэг мундаг хүмүүс л хийж чаддаг зүйл юм билээ.
32.    Туршлага бол ухаарсан алдаанууд гэж үнэн үг. Юу ч хийдэггүй хүмүүс алдаа гаргадаггүй. Алдаанаасаа суралцахгүй байгаа бол харин тэнэглэл.
33.    Хийж чадна гэсэн бол чадна. Чадахгүй гэсэн бол чадахгүй. Энэ үнэн үг юм билээ.
34.    Үр хүүхдүүд минь ирээдүйд хэн болох, хэр сайхан амьдрах нь амьдралын маань нэгэн гол утга учир мөнөөс мөн. Гэхдээ тэд бидний дутууг бас хийж амжаагүйг нөхөж амьдрах огт албагүй.
35.    Хүн аав, ээжийгээ дуурайдаг. Ээж хошин, хөгжилтэй, ёгтлогч, толгой сайтай, зохион бүтээгч, амттанд дуртай. Аав нухацтай, манлайлагч, даруухан, хоол хийх дуртай. Би холиод дуурайсан.
36.    Амьдралыг хуурч амьдарна гэж байхгүй. Үйлийн үр эцэст нь ирэх л болно.
37.    Рок мөнх. Pink Floyd, Queen, Nirvana, Metallica, Radiohead зэрэг гайхалтай хамтлагууд хэзээ ч хуучирдаггүй.
38.    Мундаг хүмүүсийн амьдралаас уншаад, сонсоод байхад гайхалтай амжилтад хүрэхийг хүсч байгаа бол ямар нэгэн хэмжээгээр "гэгээрэх" хэрэгтэй юм билээ.
39.    Тамхи хүнд хэрэггүй дэмий зүйл. Би 17 жил тамхи татсан. Өдөрт нэг хайрцгийг. 3 жил шахмын өмнө тарчлан, зовон байж хаясан. Одоо тамхины утааны үнэр надад аятайхан мэдрэмж төрүүлдэг ч надад ямар ч хэрэггүй дэмий зүйл гэдгийг нь мэддэг.
40.    Дөч хүрсэн хүний мэдлэг, ур чадвар, туршлага жигдэрдэг тул зоригтой хийх, бүтээх, манлайлах нас мөн. Бүү түүнд зааж сурга, өөрөө мэдээд хийг.
41.    Дөч хүрсэн бол сул талаа засахаас илүүтэй хүчтэй талууд дээрээ төвлөрөх нь зөв. Дахиад 20 жил л идэвхтэй ажиллаж чадах тул өдий хүртэл засраагүй зүйлстэй зууралдаж суух хэрэг юу байна.
42.    Хүн жаргал даадаггүй. Монгол улсаас эхлээд бизнесүүд, жирийн хүмүүсийн хувьд ч маш үнэн үг.

Энэ хүртэл залхалгүй уншсан танд баярлалаа, амжилт хүсье!

Бэгзсүрэнгийн Батзориг  BZP Digital&Inbound үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал

Нийтэлсэн: Б.Батзориг

42 нас хүртлээ ойлгосон 42 зүйл  
Үзсэн: 4055 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
42 [202.180.216.xxx] 2017-01-09 16:46
НАС ЧИНЬ ТОГТОГ, 42 НАСЛААРАЙ.
Зочин [182.239.109.xxx] 2016-12-30 22:02
Huulaad l bichsen bna shde!!
google: шинэ парадигм... мета онол [202.179.27.xxx] 2016-12-30 14:45
google: шинэ парадигм... мета онол
баярлалаа [112.72.15.xxx] 2016-12-22 12:49
мундаг юмаа.амжилт
zochin [202.179.31.xxx] 2016-12-21 12:00
goy sanaanud amidraldaa heregjuulnee

Бидэнтэй нэгдээрэй