Шууд Chart

АН-ын бүлэг хууль тогтоомжийн төслүүдээр завсарлага авлаа

2016-12-27 14:50:30

Байнгын хороодын хамтарсан хуралдааны дараа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дангаараа үргэлжлүүлэн хуралдаж, Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Засгийн газраас энэ сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаархи төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил танилцуулсан юм.

Дипломат албаны тухай хуулийг 2000 онд баталсан. Дипломат албаны бодит нөхцөл байдлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2014 оны 6 дугаар сард хэлэлцэж, энэ талаар хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн байна. Энэ дагуу Засгийн газраас Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Дөрвөн зүйл бүхий уг хуулийн төсөлд төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг сайжруулах зорилгоор төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд хилийн чанадад төлөөлөгчийн газраа нээх, төлөөлөгч томилохыг хязгаарлах; Дипломат төлөөлөгчийн газарт томилогдох томилолтын хугацаа 3 жил байсныг 4 жил болгож өөрчлөх, Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах шаардлагыг харгалзан хилийн чанадад ажиллагсдын цалин хөлсийг 3 жил тутамд Засгийн газраас шинэчлэн тогтоож байх, хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийг төрөөс хариуцах, эхнэр буюу нөхөр нь төрийн албан хаагч бол ажлын байрыг нь хадгалах зэрэг зохицуулалтыг тусгасныг салбарын сайд танилцуулгадаа дурдав.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гадаад харилцааны чиглэлээр сүүлийн үед яригдаж байгаа асуудлаар Гадаад харилцааны сайдаас мэдээлэл авах шаардлагатай гэж намын бүлгийн хурлаас шийдвэрлэсэн тул Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн "Монгол Улсын зарим Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг татан буулгах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлаас УИХ дахь АН-ын бүлэг ажлын таван өдрийн завсарлага авах хүсэлт гаргасан юм.

Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр УИХ дахь АН-ын бүлгийн хүсэлтийн дагуу намын тус намын бүлэгт ажлын таван өдрийн завсарлага өгч байгаа, түүнчлэн Байнгын хорооны ирэх оны эхний хуралдаанаар эдгээр хууль тогтоомжийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээс гадна сүүлийн үед яригдаж байгаа асуулалтай холбогдуулан Гадаад харилцааны сайдын мэдээллийг сонсоно гэдгийг мэдэгдлээ.

Дараа нь Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил энэ талаархи төсөл санаачлагчийн илтгэлдээ, Олон улсын гэрээний тухай хуулийг 1993 онд баталж, 1998, 2012 онд тодорхой нэмэлтүүд оруулсан байдаг. Тус хуульд Олон улсын гэрээний эрх зүйн тухай Вөнийн конвөнцоор зөвшөөрсөн олон улсын гэрээ байгуулах аргуудыг бүрэн тусгаагүй, Монгол Улс нэгдэн орох, соёрхон батлах зэрэг хоёр аргаар олон улсын гэрээг байгуулж байгаа, олон талт гэрээнд нэгдэн орох процедурын зааг ялгааг нарийвчлан гаргаагүй, хуулийн үйлчлэх хүрээ тодорхойгүйн улмаас олон улсын хувийн эрх зүйгээр зохицуулах зарим гэрээний орчуулгын хяналтыг хийх субъект тодорхойгүй, олон улсын гэрээ үйлдэх хэл, гэрээний орчуулга хийх, орчуулгын хяналт хийх харилцааны зохицуулалт бүрхэг учраас бүх гэрээний орчуулгыг Гадаад харилцааны яам хянан баталгаажуулдаг зэрэг хууль зүйн болон практик шаардлагад үндэслэн Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өргөн УИХ-д мэдүүлсэн.

Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан. Тус хуулийн 37 дугаар зүйлд хуулийг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасан. Иймээс Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсантай холбогдуулан Олон улсын гэрээний тухай 1993 оны хуулийг хүчингүй болгох шаардлагын дагуу энэхүү хуулийн төслийг боловсруулсан тухайгаа дурдлаа

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Занданшатар, О.Баасанхүү нар асуулт асууж тодруулсны дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаархи санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.


АН-ын бүлэг хууль тогтоомжийн төслүүдээр завсарлага авлаа  
Үзсэн: 636 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй